Комүсүби Такаясү 7 даваатай Харү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 8 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясүтэй учраа таарч, түүнд ёрикири мэхээр унаж 6 даваа, 2 унаатай болсон бол Такаясү 7 даваа, нэг унаатай башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Харү башёгийн 8 дахь өдрийн байдлаар Комүсүби Такаясү ганц унаатай башёг тэргүүлж байгаа бол Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Чиёонокүни /М-9/ нар 2 унаа, 6 даваатай нэхэж байна.
Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Озэки Шодайд ёрикири мэхээр унаж 3 даваа, 5 унаатай болсон бол Шодай даваа, унаа нь адилхан 4 боллоо.
Харин Ичиножёо А.Ичинноров /М-6/, Чиёонокүни /М-9/-тэй барилдаж, түүнийг котэнаге мэхээр хаяж, 5 даваа, 3 унаатай байгаа бол Чиёонокүни 2 унаатай явна.
Энэ өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/ нар учраа таарч Тамаваши цүкидаши мэхээр хаяж, 5 даваа, 3 унаатай байгаа бол Хошёорюү 4 унаа, 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Ютакаяама /М-15/-тай барилдаж, түүнд ошитаоши мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай болов.
Энэ башёд хүч үзэж байгаа гурван Озэки цолтны нэг Такакэйшо, Миёогирюү/М-4/-г ошидаши мэхээр унагаж 5 даваа, 3 унаатай боллоо. Харин Озэки Асанояама, Комүсүби Дайэйшо-д ошитаоши мэхээр ойчиж, 3 унаа, 5 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Миёогирюү /М-4/-тэй барилдах бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Сэкиваке Таканошотой барилдана. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Чиёонокүни /М-9/-тэй учраа таарсан бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/ нар хүч үзэхээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.