Гуравдугаар сард ШАТАХУУНЫ ҮНЭ буурна
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны нөөцийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллараар бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч ам.долларын ханшийн хувьд өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Тодорхой хэмжээний буюу гуравдугаар сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож, бид бүхэн бэлэн байдалд ажиллаж байна. Авто бензиний бүтээгдэхүүний тээвэрлэлт ямар нэгэн саадгүйгээр орон нутагт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэв.
Түүнчлэн "Монгол Улсын шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна" гэсэн мэдээллийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр “Шатахууны үнэ, импортын нийлүүлэлт хангамж тогтвортой, хэвийн байна. Зохиомлоор хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарна уу” гэлээ.
Эрэлт, нийлүүлэлт хэвийн байхад зах зээлд хэвийн бус байдал үүсгэж, зохиомол худалдан авалт үүсгэх нь хууль зөрчсөн үйлдэл. Тийм үйлдэл гаргаж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч, хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг тэрбээр мөн илэрхийлээд, шатахууны үнэ буурах нөхцөл бүрдэж байгааг баталсан юм.
Улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс,
- А-80 автобензин 91 хоногийн
- Аи-92 автобензин 33 хоногийн
- Дизелийн түлш 39 хоногийн
- ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.
Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй юм.
Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.