БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр AstraZeneca коронавирусний вакцин хийлгэлээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг өнөөдөр хийлгэжээ. Тэрбээр Их Британид болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юм.
Мүн Жэ Ин Сөүл хотын Чонно дүүргийн эрүүл мэндийн төвд гэргий Ким Жон Сук болон ирэх зургаадугаар сард Их Британи руу дагалдан явах Хөх ордны есөн төлөөлөгчийн хамт вакцин хийлгэжээ. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зургаадугаар сарын 11-13-нд Корнуолл гүнлэгт зохион байгуулахаар товлоод байгаа юм.
Мүн Жэ Ин өглөөний 9 цагийн үед эрүүл мэндийн төвд ирж, халуунаа шалгуулж, эмчийн үзлэгт орсныхоо дараа вакцин хийлгэжээ.
“AstraZeneca”-гийн вакцины үр дүнгийн талаарх мэдээллийг харгалзан 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцинжуулах хугацааг түр хойшлуулаад байсан БНСУ-д өнөөдрөөс энэ бүлгийн хүмүүсийг дархлаажуулж эхэлж байгаа юм.
БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд уг вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх нотолгоо байхгүй байгааг даваа гарагт мэдэгджээ. “AstraZeneca”-гийн вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай хийлгэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.