БНАСАУ-ын иргэнийг АНУ-ын талд анх удаа шилжүүлэн өгчээ
Малайзаас АНУ руу шилжүүлэгдсэн БНАСАУ-ын иргэн Мүн Чве Мён даваа гарагт нийслэлийн Колумб тойргийн холбооны шүүх хуралд оролцжээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн алба мэдээлэв.
“Хэргийг хоёр жил шүүхээр хянан шийдвэрлэсний дараа өдгөө 55 настай БНАСАУ-ын иргэн Мүн Чве Мёныг АНУ-ын талд шилжүүлэн өгсөн. Түүнийг АНУ-ын санхүүгийн тогтолцоогоор дамжуулан БНАСАУ руу тансаг эд зүйл нийлүүлэх схемийн хүрээнд мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Энэ үйл явдал нь БНАСАУ-ын иргэнийг АНУ-ын талд шилжүүлэн өгсөн анхны тохиолдол болсныг Хууль зүйн яам онцлон тэмдэглэжээ.
Шүүхийн баримт бичигт дурдсанаар, Мүн Чве Мён болон хэсэг бүлэг этгээд 2013 оны 4 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын хугацаанд АНУ-ын санхүүгийн системд нууцаар, луйврын арга замаар нэвтрэхийн тулд үгсэн тохиролцсон гэжээ. Мөнгө угаах үйл ажиллагааныхаа хүрээнд БНАСАУ-ын иргэн 1.5 сая гаруй ам.долларын гүйлгээ хийсэн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Сэжигтнийг мөн улс орных нь эсрэг авсан АНУ, НҮБ-ын хоригийг зөрчсөн хэрэгт холбогдуулан буруутгажээ. Мүн Чве Мён болон түүний холбоотнууд БНАСАУ-ын холбогдох этгээдүүдэд зориулж хийсэн гүйлгээгээ санаатайгаар нуун дарагдуулсан гэж Хууль зүйн яам үзэж, түүнийг нийт зургаан зүйл ангиар буруутгаж байна.
Мүн Чве Мёныг Малайзаас шилжүүлсний дараа хорьсон тухай “Associated Press” агентлаг өмнө нь мэдээлжээ. Тэрбээр эхнэр, хоёр охины хамт Малайз улсад 10 гаруй жил амьдарчээ. Түүнийг шилжүүлэн өгөх тухай Холбооны мөрдөх товчооны хүсэлтийг Малайзын шүүх 2019 оны 12 дугаар сард дэмжин хүлээж авсан байна.
Харин Пёньян иргэнийг нь АНУ-ын талд шилжүүлэн өгсөнтэй холбогдуулан Малайзтай дипломат харилцаагаа тасалж буйгаа 3 дугаар сарын 19-нд мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.