Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгална
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа. Ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор:
- Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,
- Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр энэ оны II улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200 дээш ажиллагчидтай худалдааны салбарын ААН-үүдийг хамруулахаар өргөтгөж байна.
Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн өнөөдөр мэдээллээ.
Жилийн инфляц энэ оны 2 дугаар сард улсын хэмжээнд 2.6 хувь, нийслэл хотод 2.0 хувьтай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байна. Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байгаа хэдий ч коронавирусний тархалт, вакцинжуулалттай холбоотой өөрчлөгдөж болзошгүй байна.
Урт хугацаат дахин санхүүжилтаар энэ оны II улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг боловсруулах, үйлчилгээ болон 200 дээш ажиллагчидтай худалдааны салбарын ААН-үүдийг хамруулан олгоно.
Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, ААН, байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр. 2021 оны эхний 2 сард экспорт 73 хувиар, боловсруулах салбар 1-2 дугаар сард 66 хувь болон 37 хувиар тус тус өссөн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэв.
Түүнчлэн, олон улсын зээлжих зэрэглэлийн "Мүүдис" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг сөргөөс тогтвортой болгож сайжруулахад Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ нэмэгдэж, богино хугацаат гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлжээ.
Төв банк "COVID-19"-ийн цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээ, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж байна. Инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд Мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулга хийх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.