“Зэвсгийн мастерууд–2021” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна
2021 он Зэвсэгт хүчний хувьд түүхэн жил тохиож байна. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Зэвсэгт хүчний Ар талын алба үүсэн байгуулагдсаны 100, Артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 100, , Зэвсгийн алба үүсэн байгуулагдсаны 100, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 жил зэрэг олон түүх ой тохиож байгаа юм. Тэгвэл энэ өдөр Зэвсгийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 2021 оны 3 дугаар сарын 24-ний энэ өдөр Ардын Түр Засгийн газрын анхдугаар хурлын тогтоолоор Цэргийн яамыг байгуулж, түүний Байлдааны хэлтэст зэвсгийн асуудлыг эрхлүүлснээр “Зэвсгийн алба”-ны гараа тавигджээ. 1923 онд Цэргийн яамны харьяанаас Бүх цэргийн Бэлтгэлийн газрын харьяанд шилжиж, Зэвсгийн хэлтэс болж бие даан байгуулагдсан түүхтэй.
Түүхийн он цагуудад Зэвсгийн хэлтэс нь Пуужинт артиллерийн зэвсэглэлийн 9, 17 дугаар хэлтэс, Пуужинт артиллерийн зэвсгийн хэлтэс, Цэргийн зэвсэглэлийн хэлтэс, Зэвсгийн хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, галт хэрэглэлийн бэлэн байдлыг ханган ажилласаар иржээ. 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Зэвсгийн хэлтэс нь ЗХУ-аас төрөл бүрийн зэвсэглэл, галт хэрэглэлийг хүлээн авч, Зэвсэгт хүчний зэвсэг, галт хэрэглэлийн бэлэн байдлыг хангаж, өнөөгийн Зэвсгийн албаны суурийг амжилттай тавьсан байдаг юм.
Түүхийн баримтаас сөхөн үзэхэд 1921 оны 11 дүгээр сард ЗХУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу 3000 морьт цэргийг зэвсэглэх зэвсэглэл, галт хэрэглэлийг хүлээн авч, Ардын журамт цэргийн зэвсгийн санг анхлан арвижуулж байжээ. Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/26 дугаар тушаалаар “Зэвсгийн албаны өдөр”-ийг Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн өдрүүдэд нэмж батлуулсан бөгөөд энэ үеэс эхлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Зэвсгийн хэлтсээс Зэвсэгт хүчний зэвсгийн мэргэжилтнүүдийн 3 үеийн уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал зэргийг жил бүр санаачлан зохион байгуулж, зэвсгийн мэргэжлийн офицер, ахлагч нарын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж ирсэн юм.
ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Зэвсгийн хэлтэс нь Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжээнд нэгтгэл, анги, байгууллагуудын зэвсэглэл, галт хэрэглэл, дуран, шилт хэрэгслийн хангалт, төлөвлөлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, сэргээн сайжруулалт хийх, Зэвсэгт хүчний зэвсгийн мэргэжлийг бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх үүргийг хүлээн ажиллаж, Зэвсэгт хүчний зэвсэглэлийг сайжруулан шинэчлэх, галт хэрэглэлийг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүний өгсөн үүргийн дагуу “Буудлагын зэвсэглэлд сайжруулалт хийх арга зам” онол, практикийн бага хурал зохион байгуулж, “Буудлагын зэвсэглэлд сайжруулалт хийх, нэмэлт эд ангийг үйлдвэрлэх” төслийг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Зэвсэгт хүчинд анх удаа Зэвсгийн мэргэжлийн офицер, ахлагч нарын дунд мэргэжлийн аварга шалгаруулах “Зэвсгийн мастерууд-2018”, “Зэвсгийн мастерууд - 2020” тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан ба энэ онд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Зэвсгийн мастерууд–2021” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Зэвсэгт хүчний Жанжин штаб
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.