Хэдэн цэрэг амиа өргөх ёстой вэ, КОМАНДЛАГЧ АА!

Хэдэн цэрэг амиа өргөх ёстой вэ, КОМАНДЛАГЧ АА!

Эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албанд мордсон олон аавын хүү энхийн цагт эргэж ирэхгүйгээр нэг нэгээрээ үүрд явсаар байна. Цэл залуухан хөвгүүд цэргийн албаа хааж байхдаа бусдын гарт амиа алдах нь энгийн зүйл боллоо.

Тэгвэл хэдэн цэргийн "амиар тоглож" байж зэвсэгт хүчинд угжирсан харгислалыг таслан зогсоож, "идээ бээр"-ийг нь шахаж гаргах вэ. Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ, цэргийн албанд амиа алдсан хөвгүүдийнхээ амийг хэнээс нэхэх вэ, командлагч аа. Учир нь, зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч байдаг. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчний салбар Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд удирдлагад байдаг гэсэн үг. Ерөнхий командлагчаас гадна Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар ч хариуцлага хүлээх хэрэгтэй биш гэж үү.  


-ЦЭЛ ЗАЛУУХАН 21-ХЭН НАСТАЙ ХҮҮ ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ БАЙХДАА БАЛМАД НЭГНИЙ ГАРТ "ЗЭРЛЭГ"-ЭЭР АМИА АЛДЛАА-

Талийгаач өнгөрсөн намар цэрэгт татагджээ. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хуваарилагдаж, цэргийн албаа хааж байжээ. Харин өнгөрсөн даваа /2021.03.29/ гарагт шилжих шөнө Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж ирсэн байна. Харамсалтай нь, эмнэлэгт очсон хоёр дахь өдрөө буюу өнгөрсөн шөнө гэмтлээ даалгүй амьсгал хураасан аж.

Түүнийг ангийнх нь салаан дарга, дэслэгч Г архи ууж согтуурсан үедээ зодож, бэртээсэн байдаг. Талийгаач анх эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ уруул нь сэтэрсэн, хэл хазагдсан, цус залгигдсан байдалтай байж. Биеийн байдал нь маш хүнд, ухаангүй ирсэн талаар эмчлэгч эмч нь ярьж байна. Ухаангүй ирсэн тул хагалгаа хийх боломжгүй, хэрэв хагалгаа хийсэн тохиолдол нас барах магадлал өндөр байсан гэдгийг ч тодотгожээ. Өөрөөр хэлбэл, хүү ухаан оролгүй байсаар эмнэлгийн орон дээр амьсгал татсан байна.

Талийгаачийн ээж хүүгээ эмнэлэгт хүргэгдсэн өдрийн маргааш нь "Эв эрүүл, сав саруул хүүхэд цэрэгт тэнцээд явсан. Хэрвээ суурь өвчинтэй, тархи толгой муутай байсан бол цэрэгт тэнцэхгүй байсан шүү дээ. Салаан даргадаа үхлүүт болтлоо зодуулаад ирсэн, ийм л юм болсон. Хүүг минь зодсон салаан даргад үнэхээр гомдож байна. Хүү минь бид нар руу яриад нэгж авдаг. Өчигдөр 12:00 цагийн үед манай нэг ах руу их яаралтай яриад “Гялс 60 мянган төгрөг явуулаарай” гэж ярьсан байна лээ. Дарамталсан болохоор айсандаа тэгж яарсан байх. Тэгээд л орой нь салаан даргадаа зодуулчихлаа. Хэн хариуцлага хүлээх вэ. Цэрэгт эв эрүүл очсон хүү минь ийм байдалд орчихлоо” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байдаг. 

Харамсалтай нь, хүү нь өнгөрсөн шөнө эргэж хэзээ ч ирэхгүйгээр үүрд явчихлаа. Хүүгийн аминд хүрсэн ангийнх нь салаан дарга, дэслэгч Г-д эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээлэв.   

-ДЭЭРХ БОЛ ЕРДӨӨ Л НЭГ ЖИШЭЭ-

Үүнээс цаана хэчнээн аавын хөвгүүд цэргийн албаа хааж байхдаа амиа алдаж байгааг таашгүй. Он гарснаас хойш цэргийн алба хааж байсан цэл залуухан эрс амиа алдсан тохиолдол хэд, хэд гарсан билээ. Тухайлбал,  Дундговь аймгийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай залуу өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан.

Талийгаач “Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн ар гэртээ мессеж илгээсэн байдаг. Эл хэрэг гараад удаагүй байхад Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа цэнхэр өнгийн хадгаар боомилон амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. 

Тэд эр цэргийн албаа нэр төртэй хаачихаад ижий, аавдаа очихыг ямар их хүсэж, мөрөөдөж байсан бол. Гэвч тэд хайртай бүхэн дээрээ эргэж хэзээ ч очихгүйгээр үүрд явчихлаа. Хүүгээ эв эрүүл, сав саруул өсгөж, эрийн цээнд хүрэхэд нь эх орондоо хүлээлгэж өгсөн эцэг, эхчүүд "амаа барьж", үгээ барж суугаа нь лав. Төрдөө хүүгээ хүлээлгэж өгч байхад төр нь хүүг нь алчихна гэж хэн санах билээ дээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.