Талийгаач Б-гийн ар гэрийнхэнд 5 жилийн цалинтай тэмцэх тэтгэмж олгоно

Талийгаач Б-гийн ар гэрийнхэнд 5 жилийн цалинтай тэмцэх тэтгэмж олгоно

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож, гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч Б нь эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй өнгөрсөн шөнө нас барсан билээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.31/ Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга, хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаараа хэллээ. Одоогоор дээрх хэрэгтэй холбогдуулан албаны хяналт шалгалт явуулж, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тодотголоо. 

Тэрбээр "Тухайн хэрэг гарах үед байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. Бүх цэргийн ангийн дарга нартай цахимаар хурал хийж, үүрэг чиглэл өглөө. Хугацаат цэргийн албанд алба хааж байгаа цэргүүдийн нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч, ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Бид цаг хугацаа алдалгүй дүгнэлт хийж, арга хэмжээ авч ажиллаж байна. Цаашид сахилгын арга хэмжээг авах болно. Хүний эрхийн үндэсний комиссоос ирсэн зөвлөмжийг бүх цэргийн ангид хүргүүлэн ажиллаж байна." гэлээ. 

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд "Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Байлдагч, талийгаач Б-гийн ар гэрийнхэнд хуулийн хүрээнд тэтгэвэр, тэтгэмж олгоно. Өөрөөр хэлбэл, таван жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно. Мөн ажил явдлынх нь мөнгийг олгох тушаал гарсан. Тухайн хэргийн үйлдсэн дэслэгч Г нь өмнө нь асуудал үүсгэж байсан эсэхийг шалгаж байна. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дэслэгч Г-г шилжүүлсэн. Дэслэгч Г нь архи уусан байсан нь тогтоогдсон. Яг ямар сэдлээр аминд нь хүрсэн эсэх нь тогтоогдох байх гэж бодож байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.