МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат СУУЛТ хийж эхэллээ,

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат СУУЛТ хийж эхэллээ,

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд суулт хийж байна. Тэрбээр "Капитал банкны 234 тэрбум төгрөгийг төлүүл", "Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцал" гэсэн лоозон эргэн тойрондоо тавьжээ.

МҮЭХ-ны зүгээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл, цар тахлын нөхцөлтэй уялдуулан уг хуулийн хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар шаардлага тавьж, Ерөнхий сайдад хандаад байгаа юм. 

МҮЭХ болон мэргэжил, үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран өчигдөр (2021.04.06) нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буй талаараа мэдээлэл хийсэн. 

МҮЭХ хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлсэн ба үүний үр дүнд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэсэн саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна гэдгийг онцолж байв.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ажилчдаа яаж цалин орлоготой байлгах вэ гэдэг асуулт ажил олгогчдын асуудал болж байна. Иргэдийн нуруун дээрх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Засгийн газартай нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг хойшлуулахаар зөвшилцсөн ч хэрэгжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа тул бид тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Ард иргэдийнхээ саналыг үл тоож байгаа бол бид тэмцлийн дараагийн шатандаа шилжихэд бэлэн байгаа" гэж мэдэгдсэн.

Харин өнөөдөр суулт зарлаад буй МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Капитал банканд хадгалуулсан гэх 234 тэрбум төгрөгөөс нэг тэрбум орчмыг барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын 134 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй холбоотой сангийн 60 тэрбум төгрөг сураггүй алга болсон. Эдгээр өр авлагыг барагдуулахад банкны эрх хүлээн авагчид хойрго хандаж байна" гэхчлэн байр сууриа илэрхийлж байсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.