ЭМЯ: Франц иргэний амин үзүүлэлтүүд тогтвортой байгаа
Өнөөдөр (2020.03.12) ЭМЯ-наас хийсэн коронавирусний тархалт, сэргийлэлтийн талаарх албан ёсны хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын өгсөн мэдээллийг энд онцолж байна.
Нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусгаарлан ажиглах байранд 1248 иргэн тусгаарлагдсан байна.
Өнөөдөр БХЯ-ны цэргийн төв эмнэлгээс 65, Сэлэнгэ аймагт найм, Жаргалантын аман дахь сувилалаас 23 иргэнийг өнөөдөр ажиглалтаас гаргана. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдал сайн, ямар нэг зовиургүй байгаа.
Ерөнхийдөө тусгаарлан ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн, зовиургүй тайван байгаа.
Бидний зүгээс эдгээр хүмүүст дотор болон эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгээс эмч томилон үзүүлж байна.
Тусгайлан ажиглах байр ажиллуулж байгаа бүх байгууллагууд хүүхэд, чихрийн шижинтэй хүмүүс, элэгний хатууралтай иргэд гэх мэт суурь өвчтэй хүмүүст тохирсон хоол хүнсийг нь бэлтгэн өгч байгаа.
Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн гурван хүн орж ирсэн. Эдгээр хүмүүс ӨМӨЗО-ны Бор тал аймгийн Ангилаг гэх суманд айлд хол хорионд байсан бөгөөд тус бүс дэх хөл хорио цуцлагдангуут эх орондоо ирж байгаагаа тайлбарласан.
Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, гэр бүлийн гурван иргэнийг Ярантын боомт дээрх хоёр өрөө байранд тусгаарлан, ажиглаж байна. Тэнд эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, цагдаагийн газрын хүмүүс тусламж, үйлчилгээг үзүүлээд явж байна. Тусгаарлагдсан гурван иргэний биеийн байдал сайн байгаа.
ХӨСҮТ-д байгаа Франц Улсын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Сайн тал нь амин үзүүлэлтүүд тогтвортой байгаа. Шаардлагатай шинжилгээнүүдийг хийж, эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Эмчлүүлэгчийн тухайд эмч, мэргэжилтнүүдийн тавьж байгаа шаардлагыг сайн дагаж мөрдөж байна.
Өчигдөр бид Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, докторуудтай нэгдэж боловсруулсан зааврыг эрүүл мэндийн сайдад хүлээлгэж өглөө. Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн туршлагаар боловсруулж гаргасан зааврыг батлах түвшинд явж байна.
Манай уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байсан эрдэмтэд зөвлөгөө өгч, иргэдэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ямар ямар аргууд байна, тэр талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Бидний зүгээс олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоодуудтай холбоотой ажиллаж байна. Жишээ нь, Олон улсын бөөрний нийгэмлэгээс бөөрний эмгэгтэй хүн коронавирусний халдвараас сэргийлэх, хэрвээ туссан тохиолдолд ямар өвөрмөц шинж тэмдэг илрэх, онцлох эмчилгээ сувилгаа юу байх вэ гэдэг талаар зөвлөмжүүдийг авч, өөрсдийн боловсруулсан заавар зөвлөмжинд хэрхэн тусгах талаар шийдвэрлээд явж байна.
БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдтэй өнөөдөр 15-16.30 цагийн хооронд цахимаар холбогдож, туршлага солилцоно. Энэ ажлын бэлтгэл бүрэн хангагдсан.
Бусад улс орон руу тусгай үүргийн онгоцыг явуулж, Монгол Улсын иргэдээ авчирах асуудал Засгийн газрын түвшинд яригдан, Ажлын хэсэг томилогдсон. Энэ ажлын хэсэгт Эрүүл мэндийн дэд сайд багтан ажиллаж байгаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.