Хамгийн жижиг үлэг гүрвэлийг илрүүлжээ
ВАШИНГТОН. /CNN/. Шувуутай төстэй, урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй төрөл зүйлийн үлэг гүрвэлийн гавлын яс 99 сая жилийн өмнөх үед хамаарах хувнаас олджээ.
Дэлхийн хамгийн жижиг шувуу болох эрээн дальт бяцхан шувуунаас жижиг биетэй уг үлэг гүрвэлийн толгой нь эрхий хурууны хумсны чинээ бөгөөд хөрөөний ир шиг шүдтэй, бүлтгэр, гүрвэлийнх шиг нүдтэй ажээ. Мөн уг үлэг гүрвэл нь жижигхэн биетэй байсан хэдий ч махчин байсан төлөвтэй байна.
Судлаачдын “Окулудентавис” хэмээн нэрлэсэн уг үлэг гүрвэлийг одоогоор олдсон хамгийн жижиг үлэг гүрвэлд тооцож байна. “Би энэ олдворыг анх хараад маш их гайхсан. Үүний эрүүнд 100 гаруй шүд байсны зэрэгцээ маш өвөрмөц нүдтэй байсан” гэж Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Сээр нуруутан амьтдын палеонтологи ба палеоантропологийн хүрээлэнгийн ахлах профессор Жинмай О'Коннор мэдээлсэн байна.
“Хүмүүс үлэг гүрвэлийг аварга биетэй нүсэр амьтнаар төсөөлдөг бол энэхүү гавлын яснаас үзэхэд үлэг гүрвэлүүдийн амьдарч байсан цаг үед жижиг биетэйгээс өгсүүлээд янз бүрийн төрөл зүйлийн үлэг гүрвэл байсан байх магадлалтай юм. Шавар, элс зэрэг тунадас дахь чулуужсан яс нь сүйдэх эрсдэлтэй бол шилмүүст модны давиргаанаас бүрэлдсэн хув нь аливаа зүйлийг гурван хэмжээст байдлаар нь хадгалсан байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Жижигхэн үлэг гүрвэлийн өвөрмөц шинж чанарууд нь үлэг гүрвэлээс гаралтай хэмээн үздэг шувууд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлоход хувь нэмэр оруулж, жижиг биетэй шувууд эрдэмтдийн тооцоолж байснаас хурдан хугацаанд үүссэн хэмээн үзэхэд хүргэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.