Чех улсаас Монголд ирэх иргэдийг өнөөдрийн 15:00 цаг хүртэл бүртгэнэ

Чех улсаас Монголд ирэх иргэдийг өнөөдрийн 15:00 цаг хүртэл бүртгэнэ

Шинэ коронавирусын халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг тодорхой хугацаагаар (2020.03.11-2020.03.28 хүртэл) түр зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан ХБНГУ-ын Берлин хотоор дамжин яаралтай эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн /өдрийг жич зарлана/ онгоцоор авахаар ажиллаж байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 28-нийг хүртэл Монгол Улсад яаралтай буцах шаардлагатай байгаа иргэд ЭСЯ-нд өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл нэн яаралтай бүртгүүлнэ үү.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дараах иргэдийг нэн тэргүүнд тусгай үүргийн онгоцоор буцаахаар төлөвлөж байна.
 

  • Жирэмсэн эхчүүд
  • Бага насны хүүхэд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Өндөр настан /60-аас дээш насны/
     

Хүсэлт гаргасан иргэд холбоо барих утас, дараах баримт бичгийг бүрдүүлж, сканнераар оруулан /гар утсаар авсан зураг тооцогдохгүй/ ЭСЯ-ны prague3@mfa.gov.mn цахим хаягаар явуулна. Баримт бичиг гэдэгт дараахыг ойлгоно.

Эх орондоо буцах хүсэлтэй иргэний бичгээр гаргасан өргөдөл, гадаад паспорт, гадаад паспортын визтэй хуудас, хилээр нэвтэрсэн тэмдэг бүхий хуудас хавсаргана.
Өргөдөлд дараах агуулгыг тусгасан байна.
 

  •  Яаралтай буцах шалтгаанаа тодорхой бичсэн байна.
     
  •  Бүртгүүлсэн иргэн Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах тухай хүлээн зөвшөөрсөн байна. Тусгаарлагдах байр, хоолны зардал өдөрт 50000-70000 төгрөг байна. (Уг нотолгоо баримтын агуулгын хувьд нутаг буцсаны дараа тусгаарлагдах, холбогдох горимыг чанд мөрдөх, төлбөрийг бүрэн барагдуулах, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн байна)
     
  • Дээр дурдсан өргөдөл/нотолгоонд сүүлийн 14 хоногийн хугацаанд тухайн иргэнд халуурах, ханиалгах зэрэг халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг тодорхой бичсэн байна.
     

Эхний ээлжинд Чех Улсад богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визээр зорчсон дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэн тэргүүнд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ЭСЯ-ны уг өргөдлийг Берлин дэх МИАТ ХК-ийн төлөөлөгчид шилжүүлж, эцсийн шийдвэрийг тээвэрлэгч компани гаргана. (Тусгай үүргийн онгоцны зорчигчийн тоо хязгаартай учир)

Нислэгээр явахаар шийдэгдсэн иргэдийн нэрсийг МИАТ ХК гаргах бөгөөд уг мэдээллийг иргэнд МИАТ ХК (Берлин дэх МИАТ ХК-ийн төлөөлөгчөөс лавлах) мэдэгдэнэ.

Жич: Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн билетын үнэ 511 ам. доллар (Өмнө нь МИАТ-ын нислэгийн захиалгатай, билеттэй иргэдэд хамаарахгүй).

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.