Бодлогын хүүг бууруулсан шийдвэр богино хугацаанд нөлөөгөө үзүүлнэ

Бодлогын хүүг бууруулсан шийдвэр богино хугацаанд нөлөөгөө үзүүлнэ

Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэв. Гэхдээ Мөнгөний бодлогын хороо энэ удаад  Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хэлж байсанчлан 0.5 бус бүтэн нэг хувиар бууруулах шийдэлд хүрчээ. Тус хорооны мэдэгдэлд дурдсанаар Ковид-19 вирусний тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, дотоод эдийн засгийн идэвхжил сулран, ДНБ-ий өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байгаа аж. Тиймээс эдийн засгийг идэвхижүүлэх цогц арга хэмжээ авах шийдвэр гарсан талаараа тус хорооны гишүүд танилцууллаа. Тэд арилжааны банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах замаар зээл хүүнд нөлөөлөх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын багц шийдвэр гаргасан гэж тайлбарлав. Эдийн засагч Ч.Хашчулуун “Хорооны энэ удаагийн шийдвэр эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд шууд чиглэсэн. Сүүлийн саруудад эдийн засгийн өсөлт буурах хандлагатай болж ирсэн. Тиймээс өсөлтийг сэргэхийн тулд банкны системд байгаа төгрөгийн өртгийг бууруулан зээлийн хүртээмжийг сайжруулах шийдэмгий арга хэмжээ авлаа” гэсэн юм.

Мөн энэ удаагийн хурлаас арилжааны банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоохоор болж байна. Үүнийг СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх “Гадаад дотоод нөлөөллөөс шалтгаалсан эдийн засаг агшилттай үед эрэлт талын инфляцын дарамт харьцангуй бага байгаа. Энэ үед эдийн засаг дахь эрэлтийг дэмжих үүднээс бодлогын хүүг нэг хувиар буурууллаа. Нөгөө талдаа арилжааны банкуудын тогтвортой байдлыг хангах зорилгоор заавал байлгах нөөцийн хэмжээг багасгасан” гэж тайлбарласан бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Шинэ коронавирусийн халдварын үед арилжааны банкны төгрөгийн заавал байлгах нөөцийг бууруулснаар банк салбар дахь 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөн, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” хэмээсэн юм. Үүнээс гадна +2, -2  байсан бодлогын хүүний коридорыг +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан. УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр “Энэ удаагийн шийдвэр зөвхөн бодлогын хүүг бууруулах бус цогц арга хэмжээ болж байна. Мөнгөний бодлогын шийдвэрийн нөлөөллийг сайжруулж, богино болон дунд хугацаан дахь үйлчлэлийг сайжруулах, үүсээд буй гэнэтийн цочрооны эсрэг арга хэмжээ юм. Бодлогын хүүгийн коридорыг нарийсгасан нь банкуудын эх үүсвэрийн өртгийг бууруулах ач холбогдолтой” гэлээ.

Үүний өмнө Монголбанкны ерөнхийлөгч бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах санал гаргана гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцэн валютын ханш эрсдэлтэй дагуулж болзошгүйг зарим судлаачийн зүгээс анхааруулж байсан юм. Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны зүгээс цаашид эдийн засгийн төлөв байдал Ковид-19 вирусний тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаанаас хамаарна.  Вирусний тархалтын нөлөөгөөр экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлнэ гэж үзжээ. Монголбанк бодлогын хүүгээ 2018 оны гуравдугаар сард 10 хувь болгож бууруулсан бөгөөд түүнээс хойш 11 хувьтай байж ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон хорооны хуралдаанаар бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах санал оруулсан ч дэмжигдээгүй билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.