Коронавирусний халдварын анхны тохиолдол 2019 оны арваннэгдүгээр сард бүртгэгджээ

Коронавирусний халдварын анхны тохиолдол 2019 оны арваннэгдүгээр сард бүртгэгджээ

Шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сард бус, арваннэгдүгээр сарын 17–нд бүртгэгдсэн гэж Хятадын South China Morning Post хэвлэл засгийн газрын баримт бичгийг дурдан мэдээлжээ.

Эх суралжийн мэдээлснээр, анхны халдвар авсан хүн нь Хубэй мужийн 55 настай оршин суугч байсан аж. Тухайн сард тус мужид нийт есөн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь ч “тэг өвчтөн” буюу халдвар авсан анхны хүн гэж тогтоогдоогүй байна.

-КОВИД-19 халдварт өвчин дэгдсэнтэй холбоотой Хятадын хүн амын 35 орчим хувь нь ноцтой стресст орсон гэсэн дүгнэлтэд Шанхайн сэтгэцийн эрүүл мэндийн төвийн судлаачид хүрчээ.
Судалгаанаас үзвэл, коронавирусний халдварын улмаас 18-30 насныхан хамгийн их стресст орсон бөгөөд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд  хямралд их орсон байна. Энэ насныхан олон нийтийн сүлжээнд удаан хугацааг өнгөрүүлж, цар тахлын талаар хэт их мэдээлэл авдаг байна. Түүнчлэн, дээд боловсролтой хүмүүсийн дунд стрессийн түвшин өндөр гарчээ. Үүний гол шалтгаан мөн л “ухаантны зовлон”  болжээ.

Ажил мэргэжлийн хувьд, стресст эмч нар бус гаднаас ирсэн ажилчид ихээхэн өртсөн байна. Тэд цар тахал дэгдсэнтэй холбогдуулан байнгын ажлын байр, цалин хөлсний талаар сэтгэл нь түгшиж байдаг тул тэдний стрессийн түвшин өндөр гарчээ.

-БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны тусгай шинжээчдийн комиссын тэргүүн Жун Наньшань шинэ тарлийн коронавирусний цар тахлын дэгдэлт дэлхий дахинд ирэх зургаадугаар сар гэхэд дуусна гэж мэдэгджээ. New York Post сонинд бичсэнээр, үүний тулд бүх улс орон хүчээ дайчлах хэрэгтэй гэж мэргэжилтэн онцолжээ. Тэрбээр дулааны улирал эхлэхэд вирусний тархалт буурна гэж үзэж байна. Хэрэв дэлхийн улс орон шаардлагатай арга хэмжээ авахгүй, вирусний аюулыг бодитоор хүлээн зөвшөөрөхгүй бол цар тахал илүү удаан хугацаанд үргэлжилж болзошгүй гэж тэрбээр анхааруулжээ.

- Малайз улсад шинэ төрлийн коронавирусээр тохиолдлоор халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. Малайзын эрүүл мэндийн яамны мэдээллээр, өвчтөн гадаад улс орон зорчоогүйгээс гадна халдвар авсан нэг ч хүнтэй харьцаагүй байна. Өөрөөр хэлбэл, халдвар баталгаатай хяналтаас гадна нийгэмд тархаж эхэлснийг илтгэж байгаа бөгөөд энэ нь цар тахлын тархалтын гуравдугаар үе байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Амьсгалын замын халдварт өвчин болон томуугаар өвчилсөн 600 хүнээс шинжилгээ авсны дүнд нэг нь коронавирусний халдвартай болохыг тогтоосон гэж Малайзын эрүүл мэндийн яамны халдвар судлалын газрын ерөнхий захирал Нур Хашшам Абдулла мэдээлжээ. Одоогоор, тохиолдлын халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

-Балбын Засгийн газар энэ сарын 14-өөс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд дэлхийн дээвэр гэгддэг Эверест ноён оргилд авирах тусгай зөвшөөрлийг цуцлах болсон тухай мэдээлжээ.

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ төрлийн кронавирусний шинжилгээ өгөхөөс дахин татгалзжээ.

-Өнгөрсөн нэг хоногийн дотор Хятад улсад кронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо долоогоо нэмэгдэж, халдвар авсан найман шинэ тохиолдол бүртгэгдэж, 1318 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.