Хэн нь АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА болох вэ!
Өнөөгийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ын дотоод хагаралд өнөөдөр /2021.04.27/ Улсын Дээд шүүх цэг тавина.
Өөрөөр хэлбэл, хоёр талд намын даргын сунгаанд ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн нь АН-ын хууль ёсны дарга болж, тамга тэмдгээ албан ёсоор эзэмших вэ гэдэг маргааныг эцэслэж, шийдвэрлэнэ.
АН-ын хувьд дотроо хоёр хуваагдаад удаж байна. Нөгөө талаараа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын хэнд нь АН-ын даргын жинхэнэ тамга, тэмдэг байгаа нь тодорхойгүй явсаар өнөөг хүрчээ. Тэд намын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгээ булаацалдаж, тэрхүү тэмцэл нь шүүх дээр очсон ч хэн нь ч албан ёсоор АН-ын даргын тамга, тэмдгийг авч чадаагүй байдаг.
Нам нь дотроо С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хуваагдсан шиг ээ АН-ын дараагийн даргыг сонгох сунгаа ч хоёр талд зэрэг шахам явагдсан. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас АН-ын даргаар М.Тулгат ялалт байгуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас АН-ын даргаар О.Цогтгэрэл тодорсон байдаг. Ингэснээр АН-ын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгийг С.Эрдэнэ, Ц.Туваан нар биш М.Тулгат, О.Цогтгэрэл нар булаацалдаж эхэлсэн билээ.
Хоёр талд ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нар хоёулаа албан ёсоор АН-ын дарга болж, тамга тэмдгээ эзэмшихээр Улсын Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн. Харин тэдний хүсэлтийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ.
Хэрэв АН-ын даргад М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч бүртгэхээс татгалзах аваас ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх, оролцох боломжгүйд ч хүрэх эрсдэлтэй билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.