Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.29) хуралдаан 13 цаг 02 минутад 11 гишүүний ирцтэй эхэлж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг хуралдаанд танилцуулсан.
Ө.Шижир даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.