Хиймэл дагуул дэлхийн мөсөн голуудыг илүү хурдан хайлж байгааг илрүүлжээ
Дэлхийн мөсөн голууд сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хайлж байгааг олон улсын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар тогтоолоо.Судлаачдын баг АНУ-ын “NASA” агентлагийн “Terra” хиймэл дагуулаас авсан дүрслэлийг ашиглан 2000-2019 онд дэлхийн 220 мянга орчим мөсөн голыг судалжээ.
Үүний дүнд 21 дүгээр зууны эхний хорь орчим жилийн хугацаанд жилд дунджаар 267 тэрбум тонн буюу 267 гегатонн мөс хайлсныг тогтоосон байна.“Nature” сэтгүүлд нийтэлсэн энэхүү судалгаанд дурдсанаар, ийнхүү хайлсан усны хэмжээ нь дэлхийн далайн усны түвшинг 21 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх ажээ.
Мөн мөсөн голуудын хайлах явц жил ирэх тусам нэмэгдэж, 2000-аад оны эхээр жилд дунджаар 227 гегатонноор багасаж байсан бол 2015 оноос хойш жилд 298 гегатонн болж өссөн нь ажиглагджээЭнэхүү судалгаанд Гринланд, Антарктидын мөсөн давхаргуудыг хамруулаагүй байна.
Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийн дулаарлын улмаас мөсөн гол, мөсөн давхаргууд багасаж, далайн түвшин нэмэгдэж буй нь далайн эргийн хотуудад аюул учруулж буйг анхааруулсаар ирсэн юм.
Мөн далайн усны түвшин 2100 он гэхэд нэг метр гаруйгаар нэмэгдэх төлөвтэй байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын зөвлөлийн танилцуулсан хамгийн сүүлийн тайланд онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.