Нью-Йорк хот коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг 7 дугаар сарын 1-нээс бүрэн цуцална

Нью-Йорк хот коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг 7 дугаар сарын 1-нээс бүрэн цуцална

Нью-Йорк хотын эрх баригчид 7 дугаар сарын 1-нээс коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг бүрэн цуцалж, хэвийн амьдралдаа эргэн орохыг зорьж байна.Энэ тухай тус хотын дарга Билл де Блазио мэдэгджээ.

“Бид 7 дугаар сарын 1-нээс хотод тогтоосон хязгаарлалтыг бүрэн цуцлахад бэлэн байна. Энэ үеэр дэлгүүр, үйлдвэр, албан газар, театруудын үйл ажиллагааг бүрэн сэргээж, хотод хүмүүс дахин олноороо цугларах боломжтой болно гэж үзэж байна” хэмээн тэрбээр хэллээ.

Хотын 6.3 сая орчим оршин суугч вакцинжуулалтад хамрагдсантай холбоотойгоор цар тахлын хязгаарлалтыг сулруулах боломжт бүрдэж буйг Билл де Блазио онцлон тэмдэглэв.“Вакцин хийлгэх хүний тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд бид үр дүнд хүрэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна” гэж тэрбээр цохон дурдсан байна.

Гэсэн ч энэ төлөвлөгөө хэрэгжих эсэх нь Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомогийн дэмжлэгээс хамаарах аж. Коронавирусний хязгаарлалтыг 7 дугаар сарын 1-нээс цуцлах нь бэлгэдлийн шинжтэй байж болох ч Америкийн иргэд тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Нью-Йоркт 923.9 мянган тохиолдол илэрч, өвчний хүндрэлийн улмаас 32 461 хүн нас баржээ.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, тус улсын хүн амын 43 хувь нь вакцины дор хаяж нэг тунг хийлгэсэн бол 29.5 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдварын нийт 32.2 сая тохиолдол илэрч, халдварын улмаас нас барсан 574.4 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.