ХХААХҮ-ийн сайд Итали Улсын Элчин сайдтай цахимаар уулзлаа

ХХААХҮ-ийн сайд Итали Улсын Элчин сайдтай цахимаар уулзлаа

ХХААХҮ-ийн сайд, Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн дарга З.Мэндсайхан, Итали Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайд, хатагтай Лаура Боттàтай цахимаар уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын эхэнд  сайд З.Мэндсайхан Элчин сайд Лаура Боттà болон ЭСЯ-ны хамт олонд Монгол-Италийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаад талархаад, хөнгөн үйлдвэрийн салбарт техник технологиороо дэлхийд танигдсан Итали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай улсын хувьд чухал ач холбогдолтойг дурдлаа.

Түүнчлэн, ноос ноолуурын салбарт хамтран ажиллаж, "Дархан арьс ширний цогцолбор" үйлдвэрийг хөгжүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмжийг удаан хугацааны хөнгөлттэй нөхцөлөөр авах, Монголын хаан ширхэгт чанарын тэмдэгтийг Европын Холбооны улсуудад таниулах, салбарын мэргэжилтэнг сургах, чадавхийг сайжруулах зорилготойгоо сайд илэрхийлжээ.

Мөн ХХААХҮЯ-ны төлөөллийг ойрын хугацаанд Итали Улсад ажиллуулах тухай мэдээлэл өгснийг Элчин сайд хүлээн авч дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тогтлоо.

Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдааныг 2017 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Талууд ээлжит хуралдааныг тавдугаар сарын 20-нд цахимаар зохион байгуулахаар тохиролцлоо.

Комиссын хуралдаан нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчин, зэрлэг ан амьтны хамгаалал, эрчим хүч, хог хаягдал, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох тохиролцоонд хүрэх зорилготой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.