АНУ-ын цэрэг Афганистанаас гарч эхэллээ.
АНУ-ын цэрэг Афганистанаас гарч эхэлсэн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэ оны есдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө Афганистан дахь цэргээ бүрэн гаргахаар төлөвлөж байгаа юм.
Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр АНУ-ын Батлан хамгаалах яам Афганистанаас цэргээ аюулгүй нөхцөлд, яаралгүй гаргахын тулд цэргийн нэмэлт тусламж илгээхээр төлөвлөжээ. Тухайлбал, тээвэрлэгч хөлөг онгоц бүхий цохилтын бүлэг, Зэвсэгт хүчний тусгай ангийг дайчлах юм байна.
Одоогоор "Би-52" бөмбөгдөгч онгоцыг тус бүс нутагт илгээсэн байна. АНУ Афганистаны аюулгүй байдлыг хангахад тус улсын армид дэмжлэг үзүүлэх зорилгоор үлдээгээд байсан 2500 гаруй цэргээ бүрэн гаргаснаар тус улсын аюулгүй байдал муудах вий гэсэн болгоомжлол байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ "АНУ хэдийгээр цэргээ бүгдийг гаргаж байгаа ч Афганистаныг хаанаас ч ирсэн аюул заналхийллээс хамгаалах үүрэг, амлалт хэвээр хадгалагдах болно. Америк Афганыг Аль Каида, Исламын улс зэрэг Ойрх Дорнод Африк болон бусад бүс нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдээс хэзээ ямагт хамгаалах болно" гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.