Киргизстан, Тажикстаны хилийн мөргөлдөөнд 4 хүн амь үрэгджээ.

Киргизстан, Тажикстаны хилийн мөргөлдөөнд 4 хүн амь үрэгджээ.

Киргизстан, Тажикстаны хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр дөрвөн хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархадсан байна. Киргизстаны баруун Баткен мужийн Тажикстантай залгаа хилд орших Кок-Таш тосгоны ойролцоох усны нөөцийг булаалдаж, маргасны улмаас хилийн цэргийнхний хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсчээ.

Киргизийн хилийн харуулын мэдээлснээр Тажикстаны тал эхэлж гал нээжээ. Мөргөлдөөний үеэр Киргизийн талаас нэг хүн амиа алдаж, 45 хүн шархадсан байна. Харин Тажикстаны талаас гурван хүн амиа алдаж, 31 хүн шархадсан тухай албаныхан нь мэдээлжээ.

Хилийн энэхүү мөргөлдөөний улмаас Киргизстаны хилийн ойролцоох тосгодуудын 800 гаруй иргэдийг нутгийн гүн рүү татаж, нүүлгэн шилжүүлсэн байна.

Хоёр орны албаны хүмүүс хилийн мөргөлдөөнийг зогсоож, тус бүсээс цэргээ эргүүлэн татахаар тохиролцжээ. Лхагва гарагт хил орчмын усны нөөцийн хэсэгт Тажикстаны талаас хяналтын камер суурилуулахыг оролдсоноос үүдсэн гэж Киргизийн тал мэдээлжээ.

Харин Киргистаны ерөнхийлөгч Садыр Жапаров зэвсэгт хүчний удирдлагуудтай шуурхай хуралдаан зарлаж, хилийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Зөвлөлтийн үед үржил шимтэй Ферганы хөндийг Киргиз, Тажикт хуваахдаа хилийн зурвасыг нарийвчлан тогтоож өгөөгүйгээс ус, газар, бэлчээрийн төлөөх маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй иржээ.

Хоёр орны албаныхан сүүлийн жилүүдэд хилийг нарийвчлан тогтоох асуудлаар хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн ч маргааныг эцэслэж чадахгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.