ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо.

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо.

Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ.

Монголын цагаар өчигдөр 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурсан юм. Уг үйл ажиллагаанд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо, АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

АНУ-ын Флоридагийн их сургууль нь тус улсын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулийн дунд 30-р байранд орж байна. Түүнчлэн тус их сургуулийн багш, төгсөгчдийн дунд Нобелийн шагналтан 2, олон тооны Пулитцерийн шагналтан байдаг юм.

Ташрамд дурдахад, өмнөх хамтын ажиллагааны тухайд, АНУ-ын Жорж Мейсоны их сургуультай ШУТИС хамтран ажиллахаар болж 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Жорж Мейсоны их сургуульд суралцах оюутнууд 5 мянган ам.долларын хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ суралцаж эхэлсэн хоёр дахь улирлаас 12 хүртэлх мянган долларын хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Харин хоёр дахь хамтын ажиллагаа Канзас хотын Миссуригийн их сургуультай эхэлсэн бөгөөд ЕБС төгссөн сурагчид хэлний шалгалтаа амжилттай өгч чадвал 8500 ам.долларын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.