Ч.Куланда: Монголчууд хүнд цаг үед нэгдэж чаддагийг харлаа

Ч.Куланда: Монголчууд хүнд цаг үед нэгдэж чаддагийг харлаа

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр /2020.03.17/ орой Монгол Улсын 257 иргэн эх орондоо ирсэн. Тэдний нэг нь Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч.Куланда байв. Тэрбээр тусгай үүргийн онгоцны нислэг, тусгаарлах үйл ажиллагааны талаар өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.


Ч.Куланда “Нарита олон улсын онгоцны буудал эл хуль. Өдрийн 12:00 цагийн үед МИАТ компанийн бүртгэлийн цонхоны дэргэд маш урт дараалалд үүссэн байв. Тэд бол эх орноо зорихоор зогсож буй монголчууд. Токио дахь ЭСЯ-ны ажилтан болон МИАТ-ын ажилтан ирсэнээр бүртгэл нээгдэж, түргэн шуурхай ажиллахын үлгэр жишээ явагдав. Өндөр настан, хүүхэд, давхар биетэй ээжүүд голлосон зорчигчид байна. Онгоцонд суухын өмнөхөн нэг настны даралт ихсэж, Наритагийн түргэн тусламжийнхан аваад явав. Онгоцны орох хаалган дээр битүү цагаан хувцас өмсөж, ам хамар, нүүрэндээ маск зүүсэн хоёр хүн зорчигчдын биеийн халуун үзнэ. Дараалалд томоотой, даруухан зогсож байсан ах дүүс маань онгоцондоо оронгуутаа жаал бужигнав. Суудлын дээр байрладаг ачааны тавиурт гар тээшээ хийх гэж нанчилдаан болох шахав. Монгол хүмүүс байна даа яаж зүгээр байхав,. Онгоцны царайлаг үйлчлэгч охид, хөвгүүдийг битүү цагаан хамгаалалтын хувцастай харах нь яаж аятай байхав дээ! Суулаа, нислээ.

Онцгой байдлын талаар тайлбарлаж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, халуун хэмжив. Хоёр удаа шинэ маск өгч, хуучин маскийг хураалаа. Ойролцоогоор хоёр цаг тутамд суудлын эргэн тойронд, шал дэвсгэрт ариутгал хийнэ. Ариутгал хийх цагаан хувцастай нь онгоцны үйлчлэгч нар болов уу гэж таамаглав. Яаж ч тэвчээд аргагүйн эрхэнд 00-ийн өрөөнд орлоо. Дээд зэргийн ариутгагджээ. Ээлжит нислэгийн үеийн бие засах өрөөнөөс хэдэн арав дахин цэвэрхэн. Нислэгийн турш амны хаалтаа авахгүй байхыг дотоод мэдээллээр сануулсаар байлаа. Маск ямар чухал вэ гээч! МИАТ-д баярлалаа.

Улаанбаатарт бүрэнхийгээр газардав. Мэргэжлийн байгууллагын шалгалт орж ирсэн. Халуун үзэж, эрүүл мэндийн хуудастай танилцав. Ааш ааль сайтай, сайхан харилцаж байна. Үзлэгийн үр дүнгээс шалтгаалж зорчигчдыг тусгаарлах байранд хуваарилав бололтой. Гэхдээ хэнийг хаашаа явуулж байгаагаа мэдэгдээгүй. Мэдэгдэх шаардлагагүй биз. Нэрийг нь дуудсан зорчигч онгоцноос бууж, автобусанд сууна. Иймэрхүү дэгийн дагуух ажиллагаа явагдаж, шөнийн 02:00 цагийн орчимд тусгаарлах байранд хүргэгдэж ирлээ. Монголчууд бол хүнд цаг үед нэгдэж чаддагийг би харлаа. Төрд тангараг өргөсөн албан хаагчид нь үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж байгаад огшлоо. Энхийн манаанд зогсож буй эгэлгүй баатруудаа хараад бахархлаа. Түмний төлөөх тэдний зүтгэл, сэтгэлд мөргөмүй” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.