Өнөөдөр oлон улсын сувилагчдын өдөр
Өнөөдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ.
Ташрамд сонирхуулахад, Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ. Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.
Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянга гаруй сувилагч ажиллаж, эрүүл мэндийн цаг наргүй манаанд зогсож байна.
Цар тахлын өндөр идэвхжилтэй байгаа энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж ажиллаж буй эрхэм сувилагчиддаа баярлалаа. Та бүхэнд баярын мэнд хүргэе!
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.