Ө.Ганзориг: "Хөрөнгө оруулалтын сан"-гаар дамжуулж хувьцаа худалдаж авах нь хамгийн найдвартай
Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа. Түүнээс Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай уялдаж гарах зарим ойлголтууд, санхүүгийн үндсэн гурван тулгуур багана болох банк, даатгал, хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт шинэчлэлийг авчрах тухай тодруулснаа хүргэж байна.
-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар иргэд банкны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлээд буй. Уг хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэр бууж, ажил хэрэг болохоор ажиглагдаж байна вэ?
-Бидний ойлгож байгаагаар хуулийн хэрэгжилт маань хуульд заасан хугацааныхаа дагуу явагдаж байна. Банкнууд энэ оны долоодугаар сард Монголбанк болон Санхүүгийн зохицуулах Хороонд хөрөнгийн зах дээр хувьцаагаа гаргах төлөвлөгөөгөө өгөх хуваарьтай ажиллаж байгаа.
-Хуулийн хэрэгжих хугацааг маш тодорхой заасан байсан. Тодруулбал, 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор арилжааны банкуудыг нээлттэй компани болгоно гэж байгаа. Гэхдээ заасан хугацаанд багтааж, энэ бүхнийг амжуулах боломжтой юу. Манай санхүүгийн зах зээлд тийм нөөц бий юу?
-Ирэх нэг жилийн хугацаанд системийн том таван банк хувьцаагаа гаргана. Ингээд бодохоор нэлээд их хэмжээний хувьцаа зах зээл дээр гарч ирэх болов уу гэж харж байгаа. Нээлттэй хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар иргэдийн оролцоог хангах, мөн компаниуд хувийн хөрөнгө оруулалтын санд мөнгөө төвлөрүүлэх замаар банкны хувьцаа худалдаж авах сонирхлоо илэрхийлж байна. Бодлого тодорхойлогч байгууллагууд маань дэмжээд ажиллавал банкуудын гаргаж байгаа хувьцааг худалдан авах нөөц манай зах зээлд бий. Мэдээж хувьцаагаа боломжийн үнэтэй гаргаж байгаа банкуудын хувьцаа хамгийн түрүүнд борлуулагдана.
-Таны хувьд банк санхүүгийн зах зээлд олон жил ажилласан хүн. Тэр утгаараа иргэд банкны хувьцаа худалдаж авснаар ашиг хэр хүртэнэ гэж төсөөлж байна вэ. Банкны хадгаламжид мөнгөө хийсэн дээр үү, тэр мөнгөөрөө хувьцаа худалдаж авсан нь илүү өгөөжтэй юу?
-Хадгаламжийн хүү огцом буурч байгаа өнөөгийн нөхцөлд хувьцаа авах нь илүү ашигтай хөрөнгө оруулалт болох юм. Гэхдээ энэ маань хүү бага байх нөхцөл хэр удаан хангагдах вэ гэдгээс шалтгаална. Мөн банкуудын ашигт ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх улс төрийн чанартай үйл явдлууд болох уу гэх мэт асуудлуудаас хамаарна. Манай орны хувьд улс төр нь бизнест ихээр оролцдог, улс төрийн харалган шийдвэрүүд нь эдийн засгийг огцом, огцом савлуулдаг онцлогтой. Тэрнээс биш эдийн засгийн суурь зүй тогтлоороо бол боломжийн үнэтэй гарч байгаа банкны хувьцаа урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалт болдог.
-Банкууд өөрсдийн IPO-г олон нийтэд санал болгоно. Сонирхож буй хөрөнгө оруулагч нар хувьцаа худалдаж авахынхаа өмнө аль банкийг сонгох ёстой вэ гэдэг дээр эргэлзэнэ. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бидний хувьд банкны зах зээл болон банкуудын давуу талыг анхааралтай судалж байгаа. Системийн том таван банк бүгдээрээ өөр өөрийн гэсэн зах зээлийн байр суурьтай, давуу болон сул талуудтай. Ингээд харахаар хувьцаагаа яаж үнэлж гаргах вэ гэдгээс асуудлын дийлэнх нь хамаарна гэж харагдаж байна. Жишээлбэл, аль нэг банк хувьцаагаа байх ёстой түвшнээс хэт өндөр үнээр үнэлээд тавьчихвал энэ нь хөрөнгө оруулагч нарын хувьд хэзээ ч ашигтай хөрөнгө оруулалт болж чадахгүй. Байрны үнийг үнэлдэг, машины үнийг үнэлдэг. Яг үүнтэй адилаар бид банкны үнэлгээг гаргаж харьцуулж үзэж байна. Манай хамт олон санхүүгийн зах дээр олон жил ажилласан, мэргэжлийн төвшинд банкны үнэлгээ хийх төвшний хүмүүс байгаа. Бид энэ нөөц боломж дээрээ тулгуурлан бодитой үнэлгээ судалгаа хийж л байна.
Банкны хувьцааг “Хөрөнгө оруулалтын сан”-гаар дамжуулж худалдан авах нь илүү ашигтай
-Хувьцаа худалдан авахад иргэдэд дахиад нэг эргэлзээ үүсэхээр байна. Тэр нь хувиараа хувьцаа авах уу, “Хөрөнгө оруулалтын сан”-гаар дамжуулж авах уу гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Би шууд л “Хөрөнгө оруулалтын сан”-гаар дамжуулж ав гэж зөвлөнө. Миний зөвлөгөө гэхээс илүү энэ бол олон улсад нотлогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм. Иргэд, компаниуд, хөрөнгө оруулагчид “Хөрөнгө оруулалтын сан” дээр нэгдсэнээр эрх ашгаа хамгаалуулах, мэргэжлийн түвшинд ажиллах боломжтой болдог. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөх явдал Монголд байтугай дэлхийд ч түгээмэл шүү дээ. Тэгэхээр олуулаа нийлснээр жижиг хувьцаа эзэмшигч биш харин том хувьцаа эзэмшигч болох боломж нээгдэнэ гэсэн үг. Банкууд хувьцаагаа хөрөнгийн захад арилжхад жирийн иргэд 1-2 сая төгрөгөөр ч юм уу, 20 сая төгрөгөөр хувьцааг авах нь засаглал болон үр ашгийн хувьд буруу. Иймээс дэлхий даяараа “Хөрөнгө оруулалтын сан” гэдэг институцыг ашигладаг. “Хөрөнгө оруултын сан” гэдэг нь маш олон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Тус санд иргэд хөрөнгөө төвлөрүүлж олон оролцогч байх тусам томоохон хувь эзэмших эрх авна. Нэг иргэн дангаараа хувьцаа авснаар 0.0001 хувийг эзмших нь засаглалд оролцох, хянах боломжгүй болдог. Тийм учраас дэлхий нийтээрээ ийм жишгээр явсаар ирсэн. Өөрөөр хэлбэл,”Хөрөнгө оруулалтын сан” жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж тэдний өмнөөс мэргэжлийн баг ажиллаж судалгаа шинжилгээг хийн компаниудын хувьцааны өсөлт, бууралтад санхүүгийн нарийн тооцооллыг хийдэг. Түүнчлэн худалдаж авсан банкныхаа ТУЗ-д оролцож хяналтаа тавьж эргүүлээд жижиг хөрөнгө оруулагчддаа тайлангаа тавьж ил тод байдаг институц юм.
-Манай улсад “Хөрөнгө оруулалтын сан”-гийн эрх зүйн зохицуулалт хэр төлөвшсөн байдаг юм бэ?
-Хаа очиж Монгол Улс энэ тал дээр маш сайн хуультай. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан. Энэ хуулийн дагуу тус санг банктай ижил хянадаг байгууллага нь СЗХ, Монголын Хөрөнгийн бирж. Хөрөнгө оруулалтын захад олон жил ажилласан туршлагатай хүмүүс ажилладаг. Тэгэхээр иргэд банкны эзэн больё гэж бодож байгаа бол “Хөрөнгө оруултын сан”-гаар дамжих нь эрсдэл бага, илүү найдвартай.
-Банк нь нээлттэй компани болж, иргэд хувьцааг нь худалдан авч, үр өгөөжийг нь хүртдэг гаднын жишээ бий юу?
-Ер нь Монгол шиг системийн банкуудыг нь гадаадууд эзэмшдэг, эсвэл цөөн тооны хөрөнгө оруулагч эзэмшдэг улс дэлхийд ховор доо. Том банкуудаа иргэд нь хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангаараа дамжуулаад эзэмшдэг гаднын орны жишээ бол зөндөө. Сонирхож буй хүмүүс интернетээс хайж, маш хурдан, дэлгэрэнгүй мэдээлэл олж харж болно.
-Өв залгамжлалын менежмент гэж та их ярих болсон. Энэ компаниудын хувьд маш чухал асуудал шүү?
-Тийм. Өв залгамжлалын менежментийг зөв хийх нь маш чухал. Олон улсын дунджаар хувийн компани ач хүүхдийнхээ үе дээр 80 гаруй хувь нь дампуурдаг гэсэн судалгаа бий. Харин Монголын компаниудын менежментийн чадварыг харвал ач хүүхэд байтугай бараг хүүхдийн үе дээр 60 гаруй хувь нь дампуурах магадлал маш өндөр харагдаж байгаа, бидний тооцоогоор. Энэ бол том аюул юм. Чадан ядан 30 жил зүтгэж боссон компаниуд засаглал, менежмент, стратеги, өв залгамжлалын менежмент сулаасаа болоод үй олноороо хиарвал яах вэ. Энэ асуудал бол жижиг зүйл биш. Ерөнхий сайдын төвшинд санаа зовох асуудал юм шүү. Бид энэ асуудлыг олон жилийн өмнөөс харж, ярьж, бэлдэж ирсэн. Тиймээс энэхүү “Бизнес Ментор” хөтөлбөр, төслийг эхлүүлж байгаа юм.
-Монголынхоо залуучуудад хандаж, манай сониноор дамжуулан юуг захиж хэлэхийг хүсэж байна вэ?
-Бизнесмэнүүд 30 жил зах зээлээ булаацалдаж өөр хоорондоо хэмлэлдлээ. Улс төрчид нь 30 жил албан тушаал булаацалдаж өөр хоорондоо тэмцэлдлээ. Одоо бидний үе дээр үүнийгээ төгсгөл болгож, дэлхийн зах зээлийг байлдан дагуулах, эзлэх ажилд гар нийлүүлэн зүтгэх маш чухал он цаг ирж байгааг ойлгомоор байна. Цөөхөн монголчууд жижигхэн зах зээлээ булаацалдах биш харин хамтарч дэлхийд гарах цаг ирлээ гэж хэлмээр байна.
-Та “Бизнес ментор” төсөл хэрэгжүүлж байгаагаа зарласан. Энэ төслийн зорилго нь сонирхолтой санагдсан?
-Монголын компаниуд 30 жил бизнесээ босгох гэж ажилласан. Энэ хугацаанд ямар ч их алдаа гаргав, бас боломжийн ололт оллоо. Гэхдээ корпораци болж төлөвших, олон улсын төвшинд менежмент хийх, стратегийн ухааныг эзэмших, хөрөнгийн зах дээр гарахад бэлтгэх гээд маш олон асуудал дээр сул талтай хэвээрээ л байна. Мөн 90-ээд онд бизнесээ эхлүүлж байсан манай түүчээлэгч нар маань одоо хөгширч байна. Байр сууриа дараа үедээ тавьж өгөх цаг ирлээ. Эдгээрийг бид олон жилийн өмнөөс харж, тооцоолж явж ирсэн. Энэ туршлагадаа үндэслээд бизнес эрхлэгч, компаниудад менежментийн зөвлөгөө өгөх зорилготой л ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.