АИ-92 шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна
Өнөөдрөөс АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурна гэсэн мэдээллийг АМГТГ-аас өгч байна. Тус газраас өгч буй мэдээллээр энэ долоо хоногийн даваа гараг буюу 16-ны өдрөөс эхлэн импортын үнэ буурч орж ирж байгаа аж. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч буй нь АИ-92 шатахууны үнийг тонн тутамд 58 ам.доллароор буурч орж ирэх суурь нөхцөл болжээ. Энэ тооцооллоо шатахууны үнэ 120 төгрөгөөр буурахаар байгаа ч манай улс ам.доллароор түлшээ татдаг. Тиймээс ханшийн нөлөөллийг оруулж тооцохоор шатахууны үнэ 50 төгрөгөөр буурахаар байгаа юм байна.
Сануулахад, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гадаад хилийн үнэтэй уялдуулан шатахууны үнэ бууруулахыг шатахууны худалдаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдэд албан бичгээр хүргүүлсэн.
ОХУ-ын Роснефть компанийн шатахууны үнэ энэ сард А-80 тонн тутамд 539 ам.доллар, АИ-92 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болж багассан байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарынхтай харьцуулахад, А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллароор тус тус багасжээ.
Иймд аж ахуй эрхлэгчдийг шатахууны гадаад хилийн үнийн бууралттай уялдуулан дотоод зах зээлд хэдэн төгрөгөөр, ямар хугацаанаас эхлэн бууруулах талаарх мэдээллээ хэрэглэгчдэд ил тод мэдээллэх шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүллээ гэсэн мэдээллийг өчигдөр өгч байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.