Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүд энэ сарын 12-ны өдөр Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг таван сарын өмнө эхлүүлжээ. Энэ төв нь судалгаа шинжилгээ, туршилт хийх, сургалт дасгалжуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдаас бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорил авах, биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчдад сургалт зохион байгуулахаас гадна биеийн тамир, спортоор хичээллэгч иргэд, олон нийт, тамирчдад спортын анагаах ухааны лавлагаа тусламж, спортын гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг амбулатори хэлбэрээр үзүүлдэг.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн суурь болгож Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 онд 287.0 сая төгрөгийн нөхөн сэргээх эмчилгээний хамгийн дэвшилтэд тоног төхөөрөмж, 2019 онд 270.0 сая төгрөгөөр тамирчдын дээд, доод үе мөчний ажиллах чадварыг тодорхойлох, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, биеийн баланс тодорхойлох гэх мэт судалгааны багаж, тоног төхөөрөмж, биомеханик, биеийн хөдөлгөөнд анализ хийдэг “Dartfish” программ сургалт дасгалжуулалтад нэвтрүүлсэн байна.
Гишүүдийг ажиллах үеэр тус төвд Япон улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид сорил тестүүдээ өгч байлаа. Цаашид тоног төхөөрөмжүүдийн тоог нэмэх шаардлагатай гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.