Зам тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдав
Зам, тээврийн салбарын залуучууд нэгдэн Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг 25 гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Уг зөвлөлийг байгуулсан хуралд Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлага болон иргэний нисэх, төмөр зам, автозам, автотээврийн үйлчилгээ, далайн тээврийн мэргэжилтэн залуучуудын төлөөлөл оролцжээ.
Лхагва гарагт болсон Зөвлөлийн хурлаар Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нар оролцож Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг бүртгэж батламж олгосон байна.
Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүнээр УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженерийн орлогч, УБТЗ ХНН-ийн Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ш.Нямсүрэн сонгогджээ. Зөвлөлийн бусад чиглэлийн оролцоог тэгш байлгах зорилгоор зөвлөлийн дэд тэргүүнээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч Э.Бадамсүрэн, Иргэний нисэхийн салбарыг төлөөлж Sky Jet Aviation компанийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг, автозамын салбарыг төлөөлж Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын эдийн засагч Ө.Баасансүрэн, автотээврийн үйлчилгээний төвийг төлөөлж Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Тэмүүжин нар гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.
Зам тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл нь залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллах юм. Ташрамд дуулгахад, Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай болсон төдийгүй залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулж, залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бий болгосон. Энэ үндэсний хэмжээний зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэн ажиллаж байна. Мөн 2021 онд Залуучуудын байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиосон түүхэн жил болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.