Дулааны шугам, сүлжээний 21 байршилд засвар, шинэчлэл хийнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод 2020-2021 оны өвөл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай мэдээллийг хүргэлээ. Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд 2020-2021 онд 39.510 санал, гомдол иржээ. Үүнээс халаалттай холбоотой 700, халуун устай холбоотой 193, ус хангамжтай холбоотой 152, ариутгал татуургатай холбоотой 123, цахилгаан хангамжтай холбоотой 1247 гомдол ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын график, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Дулааны гол шугам, сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 21 байршилд шугам, сүлжээний засвар, шинэчлэл, шахалтын ажил хийхээр төлөвлөсөн. Дулааны шугамын зогсолтын графикт хугацаатай уялдуулан инженерийн хангамжийн байгууллагууд их, урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэсэн” гэдгийг хэлсэн. 2020-2021 оны өвлийн их ачааллын үед давхардсан тоогоор 35.926 шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг хийн, 1082 зөрчил илрүүлэн бүрэн арилгажээ.
Улаанбаатар хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их болон урсгал засварын ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газрууд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргаж, 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт тавьж, 2021 оны есдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.