Бараа, бүтээгдэхүүний үнэтэй холбогдох гомдлыг 117 утсанд мэдээлнэ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.
Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангалт, нийлүүлэлт, үнийн асуудал дээр хяналт тавьж байна. Иргэдээс 115 дугаарын утсанд холбогдох мэдээллийг өгч хамтарч ажиллаж байгаа. Энэ утсанд өнгөрсөн даваа гарагаас хойш 194 санал гомдол ирсэн. Үүний 134 нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой мэдээлэл байсан.
Тодруулбал, “Худалдаа, үйлчилгээний газруудаар борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг ил байрлуулаагүй, ямар үнээр борлуулж байгааг мэдэхгүй байна” гэсэн гомдол мэдээлэл ихэнхдээ ирсэн. Тухайн гомдлоор улсын байцаагчид газар дээр нь очиж, мах болон хүнсний бусад бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчдэд ил тод байрлуулах шаардлага тавьж ажиллаж байна. Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, махны хангамж улсын хэмжээнд хангалттай байгаа гэдгийг дахин тодотгоё. ШӨХТГ-аас энэ сарын 18-нд хийсэн шалгалтаар гар ариутгагч болон халдваргүйжүүлэх бодисын нөөц хангалттай байна. Спиртийн үйлдвэрүүдэд зургаан сарын нөөц байлаа" гэв.
Мэдээллийн төгсгөлд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энэ сарын 19-ний байдлаар 21 цэгт Монгол Улсын хэмжээнд 1734 хүн тусгаарлагдсан байна. Ерөнхийдөө Алтанбулаг, Цагааннуур гэсэн хоёр хилийн боомтоор орж ирээч ээ гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлаар дамжуулж хэлье. Олон нийтийн дунд буруу ойлголт төрүүлэх өрөөсгөл мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэж, арга хэмжээ авна гэдгийг хатуу сануулъя. Агаарын тээврээр ирсэн зорчигчдын ачааг 14 хоног каргод байрлуулж буй тул үүнийг мөрдөхийг хүсэж байна. Учир нь ачаан дотроос эд зүйлсээ авъя гэсэн хүсэлт иргэдээс цөөнгүй ирлээ гэх юм. Халдвар хамгаалалтын дэглэм бүх хүнд адил үйлчилнэ. Тиймээс найз нөхөд, танил талаараа яриулах хэрэггүй. Тусгаарлах байранд байгаа иргэдээс гомдол саналууд ирж байгаа учраас үйл ажиллагаатай нь нэг бүрчлэн танилцах гэж байна” хэмээлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.