Чинбаа & Сарнай: Вирусээс хол байх сорилт дунд тэмцэж сууна

Чинбаа & Сарнай: Вирусээс хол байх сорилт дунд тэмцэж сууна

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч буй  тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аян өрнүүлж, тоглолт хийх санаачилга гаргасан юм.

Гэвч коронавирусний халдвараас сэргийлэх хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хандивын тоглолт товлосон хугацаандаа болох боломжгүй болсон. Тэгвэл Ц.Сарнай өөрийн сошиал хуудсаараа дамжуулан ТАЛАРХАЛ илэрхийлжээ. Түүний бичсэнийг хүргэе.


ТАЛАРХАЛ

Бидэнд амьдрал, итгэл бэлэглэсэн олон мянган хүмүүс, найз нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Миний амьдралын минь утга учир, түшиг тулгуур, хайрт хань минь наддаа, гурван сайхан охиндоо, ээждээ, эгчдээ, найз нөхдөдөө, Монголын ард түмэндээ эрүүл саруул болон ирэх энэ л гайхамшигт хагалгаа, эмчилгээ та бүхний минь туслалцаа, оролцоо, сэтгэлийн дэмжлэггүйгээр үнэхээр биеллээ олохгүй байсныг би биеэрээ гэрчлэн төлж барамгүй ач тусад тань хязгааргүй ихээр баярлаж гэр бүлийнхнийхээ өмнөөс гүнээ талархан, хүндэтгэн ёслоё.

Энэхүү талархалыг, энэ постыг уншиж буй танд, бидний төлөө сэтгэл зовниж, хандив өргөн залбирсан хэн бүхэнд илгээн бичиж байгааг минь хүлээн авна уу.

Шинжлэх ухаан, технологийн эрчимт хөгжлийн эрин үед амьдарч буйдаа баярлан, амь насаа аварч үлдэх боломж байгаад хязгааргүй талархахын зэрэгцээ ямар их хүч чадал, сэтгэлийн хат, хөрөнгө мөнгө шаардсан үйл явц болдогийг нүдээр харж, биеэр мэдэрч сууна.

Миний төсөөлж байснаар эмнэлэгтээ очиж аваад л шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөд, дариухан хагалгаандаа орж тэр их зовиураас ханийгаа салгах л чин хүсэл минь байлаа. Гэтэл түүний маань биеийн байдал үнэхээр сайнгүй байсан учир хагалгааны өмнө яаралтай эмчилгээнүүд хийгдэж биеийн байдлыг нь тогтворжуулах, олон арван нэмэлт шинжилгээнүүд хийлгэх, том хагалгаанд биеийг нь бэлдэх, гээд сар шахуу хугацааг зарцуулсан юм.

Чинбаагийн маань эгч Гэрэлчимэг донор болохоор Сөүлд ирээд шинжилгээ өгтөл ганцхан үзүүлэлт зөрж бидний хувь заяа өөрөөр эргэсэн юм. Гэвч бид өгсөнөөс ялгаагүй санаж үргэлж талархаж явах болноо.

Элэгний донор хүссэнээр олддоггүй юм билээ.

Цаг мөчийг алдаж болохгүй энэ эгзэгтэй үед гурван сайхан үрээ бодон, элэг бүтэн амьдралынхаа төлөө хамтдаа зовлонгоо туулах сүүлийн найдвараа би ханьдаа зориулахаар зориг шулуудан, хатуу ч гэсэн энэ хорвоог хайраар зөөллөж босохыг би түүнээс гуйсан юм.

Хувь тохиол уу, бидний агуу хайр уу, чин зүрхнээсээ би өөрөө хүссэн, итгэсэн болохоор тэр үү, донор болоход шаардагдах миний бүх үзүүлэлт, гурван өдрийн турш хийлгэсэн шинжилгээний хариунууд маань маш сайн тохирч, түүгээр ч барахгүй элэгний маань хэмжээ хүртэл хангалттай том байж таарлаа.

Дүү рүүгээ би залгаад, эгчийн маань элэг таараасай гэж өдөр бүр сүүгээ өргөөд залбираад байгаарай гэж гуйж байсан минь ингээд биелэлээ шүү дээ.

Би хагартлаа баярлаж байлаа. Хамгийн түрүүнд дүү рүүгээ ярьж энэ баяртай мэдээгээ хуваалцаж билээ. Дараа нь ээж аав руугаа ярьж хэллээ.

Энэ бол миний амьдралд тохиосон хэцүү ч гэсэн хамгийн баяртай, жаргалтай мөчүүдийн нэг байсан юм.

Цаанаа битүүхэн айдастай ч хүсэж хүлээсэн, тэр өглөө маань ирж, бид өөр өөрсдийн өрөөнд биеэ бэлдэцгээж, сэтгэл санаагаа тайвшруулж бясалгалаа хийж дуусаад л явах цаг маань болов.

Өрөөнөөс маань тусгай өөр орон дээр хэвтүүлэн түрээд аваад явав. Хурц гэрлээс нуугдан хөнжилөө нүүрэн дээгүүрээ бүтээгээд л яваад байв. Кинон дээр гардаг шиг л санагдаад, бас ямар дуусдаггүй урт удаан зам бэ гэж бодогдож билээ. Хайрт минь юу бодож яваа бол? Айж байгаа болов уу? Ингээд л энэ өдөр ирлээ шүү дээ, бүх юм сайхан болж өнгөрнөө. Бид унтаад сэрэхэд хань минь эрүүл сайхан элэгтэй болж олон жилийн зовлонгоосоо ангижрана шүү дээ, гэх мэт олон арван бодлууд толгойд эргэлдэж байтал мэс засалд орох гэж буй том гэгч хүлээлгийн өрөөнд авчирлаа. Хурдхан хайртыгаа олж харъя гэж өндөлзтөл түүнийг минь эсрэг талд аваачсан байлаа. Хайрт минь надруу зөөлөн инээмсэглэн харав.

Эндээс л хоёр тийш нь салгаад мэс заслын өрөө рүү авч явдаг юм билээ.

Гэрийнхэн маань тэрхэн зуурт бид хоёрыг хөдөлгөн зэрэгцүүлэн хэвтүүлэхэд нь хичнээн их баярлав.

Хувь заяагаа шийдэх том сорилтынхоо өмнө гар гараа барилцан хоёр биендээ аз хүсч, бие биенээ зоригжуулж амжаад л биднийг хоёр тийшээ салган авч явсан юм.

Хийж буй үйлдээ, итгэл, сэтгэлээ бүрэн зориулсан гайхамшигт, алтан гарт эмч нарын 10 гаруй цаг үргэлжилсэн хүнд хагалгаа маань маш амжилттай болж бидний гэр бүл, анд найз нар маань сайхан мэдээ сонсч баярын нулимс унагаж байсан нь өчигдөрхөн мэт. Ёстой л алаг сайхан үрсийнх нь заяа нь түшнээ гэж хүн бүрийн ерөөж байсан нь биелэлээ оллоо.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд бэрхшээлтэй асуудлууд хэд хэд гарч, шаардлагатай нэмэлт эмчилгээнүүд хийсээр байлаа. Одоогоор 7 хоног бүр шинжилгээнүүд өгч, биеийн байдлаа хянуулаад явж байна. Одоо өмнөх сул байсан үеэ бодвол илүү сайжирч, тогтворжиж эхэлж байгаа боловч элэг солиулсан хүн дархлаа дарангуйлдаг эмнүүд ууж дархлаагаа унагадаг учир дэлхий даяар газар авч буй тэр вирусээс хол байж өөрийгөө болон бусдыг хамгаалах бас нэгэн сорилт дунд тэмцэж сууна.

Хамгийн хэцүү даваа нь хагалгааны дараах хүндрэлтэй асуудлууд байлаа. Чинбаагийн бие организм миний элэгийг таних, хүлээж авах, биеийн байдал нь тогтворжих, элдэв гадны нян бактериас хамгаалах, гээд цаг хугацаа, арчилгаа их орох асуудлууд байдаг ч түүнийг давж туулах үнэхээр амаргүй...

Энэ бүгдийг ойр дотныхоо олон хүмүүсийн дэмжлэг, өөрсдийн цуглуулсан мөнгөөрөө давчихнаа гэсэн бодол салхинд хийсэж санхүүгийн хүндрэлтэй асуудлууд тулгарч эхэлсэн юм.

Би энэ постдоо өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бидний нөмөр түшиг, итгэл найдвар болж ирсэн дараах хүмүүсийг дурьдахгүй өнгөрч чадахгүй билээ.

Бидэнд анх эмнэлэг хайхаас эхлээд хамгийн том даваагаа давахад сэтгэл санааны дэм, санхүүгийн гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн Наранхүү ахдаа талархаад барашгүй. Таньдаа мэхийн ёслоё!

Мөн нөхрийн минь өсөх насны сайхан найз нар, хайрт хамт олон нь болох Никитон хамтлагтаа бидний амаргүй цаг үед дэмнэн туслаж байсанд бид хоёр чинь хязгааргүй их баярлаж байна.

Монгол дахь Солонгосын консулын газрын дарга Кил Канг Муг танд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье . Солонгос улсыг зорихоор сэтгэл шулуудсан тэр үеэс эхлэн одоог хүртэл бүх талаар туслан дэмжиж, санаа тавьж буй агуу сайхан сэтгэлд тань баярлалаа.

Амьдралд минь тохиосон нэгэн том сорилтыг давах амаргүй цаг мөчүүдэд ард талд минь баттай зогсож байсан хайрт аав ээждээ, амин эрдэнэ болсон гурван сайхан үрсдээ, ах, эгч, дүү, хамаатан садан, анд найз нартаа, тусгайлан дүү Батцэцэг, Зулаа эгч, Scott, Gigi эгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Та нартаа хайртай шүү.

Мөн хүндэт ах Одсүрэн, Отгонбаяр, Чингис Хаан хамтлагийн Жаргалсайхан ах болон гэр бүлийнхэнд нь, Хурд хамтлагтаа, Жонон, Хөсөгтөн хамтлагууддаа, дуучин Сарантуяа, Наран эгч, Онон ах Нансаа эгч, Соко Заяа, хайртай найз Солонгоо, Оюунаа, хийлч Дээгий, Дэлгэрмөрөн, Том Жагаа ах, Болоож ах, Хоовон Энхбаяр ах, Батсүх ах, Одхүү ах, Сандагаа, Сэрээтэр эгч, хайртай найз Баярмаа, Юмка, Алтай, Цээпил, Индра, Зулаа, Цогтоо, Bobby, мөн Угалзцэцэг багшдаа болон Champ fitness-ийнхээ хамт олонд, дүү Мишээлийнхээ гэр бүлд болон бүхий л биднийхээ төлөө залбирч бидэндээ хайраа илгээсэн та нартаа чин зүрхнээсээ баярлалаа.

Сайхан сэтгэлт хөөрхөн дүү бүжигчин Номин болон дүү Болор, Оюун-Эрдэнэ-ий гэр бүлд маш их баярлалаа.

Монгол Улсын Гавьат Эмч Чинбүрэн таньдаа тусгайлан талархал илэрхийлье. Бидний эмчилгээний чиг зүгийг зааж, зөвлөж, энэ хүртэл сэтгэл харамгүй туслаж ирсэн билээ та. Олон зуун хүний амь нас, хувь заяаг өөртөө даан авч, асар завгүй ажилладаг ч бидний хагалгааны үеэр цаг зав гарган ирж хамт байлцсан нь бидний хувьд сэтгэлийн маш их нөмөр болж байсныг бид үргэлж санаж талархаж явах болно.

Мөн хайрт ханийг минь олон жилийн туршид эмчлэн сувилж, хүнд хэцүү цаг мөчүүдэд үргэлж тэнхрүүлж, аварч, туслаж ирсэн Грандмед эмнэлэгийн алтан гарт эмч нар болон хариуцагч эмч Сансармаадаа маш их баярлалаа.

Цаашлаад бидний хоёр дахь гэр бүл болох Монголын рок поп, хип хопын хамтлаг, дуучид, уран бүтээлчиддээ, Үндэсний Урлагийн Их Театрын хамт олон, Морин хуурын чуулга, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монгол Улсын Филармони, Улсын Драмын Эрдмийн Театр зэрэг урлагийн бүхий л байгууллагууд, мөн хүндэт ах Гүрбазар таньдаа, "Niciton and Friends" "Аравт" тоглолтуудын ард зохион байгуулж туслаж, дэмнэж буй бүх л хүмүүстээ бидний гэр бүлийн зүгээс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Хандивын талаар зөвлөж, өөрсдийн туулсан зам, туршлагаа харамгүй хуваалцан хандивын аяныг санаачлан эхлүүлсэн Язгуур Урлаг судлаач, Бөртэ хамтлагийн ахлагч Ганпүрэв ах болон түүний гэргий нэрт ятгачин Мөнх-Эрдэнэ эгч нарынхаа бидний төлөө гаргаж буй цаг зав, сэтгэл, зүтгэлд тань хязгааргүй ихээр баярлаж байна. Мөн бидний хамтран зүтгэгч, олон сайхан бүтээлийг хамтран туурвиж ажилладаг хүндэт ах Халиун, Ононбат, Өөжгий, хар багын хайртай найз Сүндэрээ, Болороо, эрхэм анд Соёмбоо, Лхагваа, Цэнд-Аюуш нартаа өөрсдийн их ажлын хажуугаар бидний төлөө сэтгэлээ зориулж байгаад тань чин сэтгэлээсээ талархаж байна.

Мөн энэ аяны үеэр "Бидний цөөхөн Монголчууд" төслийнхөө хүрээнд "Чинбаа Сарнайдаа" цуврал нэвтрүүлгийг хийж, энэ цагийн гайхамшигт хүмүүстэй сайхан түүх болон үлдэх ярилцлагуудыг хийсэн Зоригт ахдаа баярлалаа.

Бидний гэр бүлийг хамгаалж үлдэх гэж, Чинбаагаа алтан тайзан дээр нь эргэн авчирах гэж, түүний минь зүрх сэтгэлээс ундран гарч, таны сэтгэлийн чавхдасыг хөндөж уяран хайлуулдаг, хөөргөж догдлуулдаг, бахдаж омогшуулдаг олон арван бүтээлүүдээ улам ихээр туурвиасай гэж чин сэтгэлээсээ хүссэн 8 настай сургуулийн хүүхдээс эхлээд тэтгэврийн буурлууд, Америк, Герман, (Гэрэлээ, Хулан эгч болон анд найз нарт нь) Австри, (Баасаа, Мөөнөө, Поовоо ахынхаа гэр бүлд) Япон, Солонгос гээд дэлхийн олон орноор амьдарч буй анд найз нар, ахан дүүс, сонсогч, шүтэн бишрэгчид нь, бид хоёрын бага наснаасаа нэг ангид хамт сурч өссөн ангийн сайхан хамт олон минь, Эрхэм Жанцанноров, Цолмон багш нар минь, урлаг соёлын хамтран зүтгэгчид гээд хандив өргөсөн та нартаа чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье.

Мөн Чинбаагийн маань нутаг болох Өмнөговь аймгийн Сэврэй сумын ахан дүүстээ, Өмнөговь аймгийн "Говь гурван сайхан уран бүтээлчдийн холбоо", Завхан аймаг, Эрдэнэт, Дархан хот гээд хөдөө орон нутгаас сэтгэл гарган хандив өргөсөн сайхан сэтгэлт бүх хүмүүстээ маш их баярлалаа.

Зохиогчийн эрхийг хамгаалах Москап хамтын удирдлагын байгууллага, Монгол Контент-ын хамт олон, МУ-ын Консерватори-ийн Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн багш нар болон бусад багш оюутан та бүхэндээ, Орхон Хасу Олон Улсын Сургуулийн хамт олон, Улаанбаатар такси, UB comedian-ы хамт олон, та бүхнийхээ сайхан сэтгэлд маш их баярлалаа.

ӨМӨЗО-ы элэг нэгт ахан дүүс, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан Чинбаадаа туслах хандивын аяныг ӨМӨЗО-нд санаачлан эхлүүлсэн эрхэм анд Ашид, Жалам хар хамтлаг, Хөх хээр хамтлагийн дуучин Үндэс, энтертайнмэнт менежер Дайчин, хөгжмийн продюссер Булагаа, найруулагч, кино продюссер Түвшинтал нартаа чин зүрхнээсээ баярлалаа.

Тэд хэлэхдээ: Бид өөр өөр зүс царай, өөр өөр улс, өөр өөр газар нутагт амьдарч байвч ХҮН гэдэг ганцхан төрөлхтөн шүү дээ. Бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө сэтгэл зүрхээ дэлгэж амьдарцгаая гэжээ.

Мөн Буриад улсын Улан-Үд-ийн Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежийн захирал Баяр Борисович, Татьяана Дугарова, Эмма Цырытеровна, Даниэла болон анд найз нартаа, түүнчлэн Буриад Улсын Ардын жүжигчин Мөнхзул болон бусад уран бүтээлчиддээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Мөн Монгол Улсын Засгийн Газар, ЭМЯ, MCS груп, АПУ ХК, Жигүүр Гранд груп, Golomt Financial Group, Монгол HD Номин Батка хоёртоо, Содгэрэл Тэмүүн, Соко Заяа, Хүндэт ах Болд, Марал-Од, Шинээ болон гэр бүлийнхэнд нь, Сарнай эгч, Золоо Төрөө, Энхүүлээ, Бат-Оргил Нандиа, Ариунболд Уянга, Ариунтөгс, эрхэм анд Энхтүвшин, Баатар, Оюун-Эрдэнэ нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Бидний гэр бүл, бүхий л салбарын хамтран ажиллагч, дэмжигч, шүтэн бишрэгч, сүү шиг цагаан, тал шигээ уужуу сэтгэлтэй эгэл жирийн ард түмнийхээ хайр хишгийг хүртэх хувьтай байжээ.

Та бүхэн минь байгаагүй бол энэ хүнд давааг туулан гарч чадах хүч бидэнд дутах байсан билээ.

Бидэнд итгэл найдвар өгсөн энэ сайхан эмнэлэгтээ, эмч нартаа, бидэнд энэ олон сарын турш чин сэтгэлээсээ хандаж, эгч дүүс шиг дотноссон орчуулагч Ундармаа, Хатнаа, Золоо нартаа, анд найз Энхбат, Эрка, Өлзийбуян, Оюунаа, Саруул, Хашаа, Эмма, Одноо нартаа чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээн авна уу!

Бид эх орныхоо анагаахын салбарыг голж яваагүй юм шүү. Эрүүл мэндийн өндөр эрсдэл дунд Монголынхоо эмч нартай зөвлөж байж Солонгос улсын АНАМ эмнэлэгийг сонгон хагалгаа маань маш амжилттай хийгдэж элэг бүтэн амьдралыг бидний гарт атгуулсан юм. Хар дарсан зүүднээс минь сэрээж аз жаргал, итгэл найдвар, зовлон бэрхшээлээс гэтлэн гарах сэтгэлийн их хүчийг бэлэглэсэн та бүхэндээ хязгааргүй их баярлалаа.

Эрхэм та бүхэнтэйгээ чин сэтгэлээс ундарсан уран бүтээлээрээ бэлэг барин эргэн уулзахын ерөөл тавьж гүнээ хүндэтгэн мэхийе!

Чинбаа, Сарнай

2020 оны 3 сарын 19, Сөүл хот.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.