НББХ: НДШ-ийг 2 хувиар багасгах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.
Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, хууль баталснаар үүсэх төсвийн эх үүсвэрийн дутагдлыг хэрхэн арилгах талаар тодруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны Ажлын багаас хариулт авлаа.
Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулав.
Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн энэ сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх зохицуулалтын дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг нар Төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай” гэснийг гэсний дараа “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь,” гэж, мөн зүйлийн “2021 оноос эхлэн 12.5 хувиас” гэснийг “ гэсний дараа “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас,” гэж тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.