Израилд тогтоосон бүх хязгаарлалтыг ирэх мягмар гаргаас цуцална

Израилд тогтоосон бүх хязгаарлалтыг ирэх мягмар гаргаас цуцална

Коронавирусний цар тахлын улмаас Израилд тогтоосон бүх хязгаарлалтыг ирэх мягмар гаргаас цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

"Израил энгийн амьдралдаа эргэн орж байна" гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн мэдэгдсэн байна. Өвчлөлийн түвшин буурсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан болохыг Израилын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд онцолжээ.

Изриалд өдөрт илэрч буй “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо энэ долоо хоногт 27 болж буурсан байна. Халдварын тархалтын оргил үед энэ үзүүлэлт 8600 байжээ. Одоогоор 510 өвчтөн эмчлүүлж байгаа аж. 

Зургаадугаар 1-нээс эхлэн янз бүрийн газруудад очиход вакцин хийлгэсэн нотолгоо шаардлагагүй болох бөгөөд худалдааны байгууллагууд, зоогийн газрууд болон бусад газарт тогтоосон хязгаарлалтуудыг цуцална.

Түүнчлэн ил задгай болон битүү орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад тавьж байсан нэмэлт хязгаарлалтыг цуцална.

Харин битүү орчинд амны хаалт зүүх шаардлага ирэх хоёр долоо хоногт хэвээр хэрэгжинэ. Олон улсын аялал жуулчлалыг зохицуулах одоо хэрэгжиж буй журам мөн өөрчлөгдөхгүй хэвээр байх аж.

Тавдугаар сарын 27-ны байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо 169 093 368-д хүрч, 3 512 497 хүн нас барсан бол эдгэрсэн хүний тоо 150 722 266 болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.