Египет, Израилын Гадаад хэргийн сайд нар уулзжээ.
Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри, Израилын Гадаад хэргийн сайд Габи Ашкенази нар Каир хотноо ням гарагт уулзаж, Газын зурваст саяхан тохиролцсон эвлэрлийг бэхжүүлэх, Израил-Палестины найрамдлын үйл явцыг сэргээх арга замын талаар хэлэлцжээ.
“Гадаад хэргийн сайд нар найрамдлын хэлэлцээнд үүсээд буй мухардмал байдлаас гарах арга замыг эрэлхийлэхийн тулд хоёр орны хоорондын болон Палестины засаг захиргаатай зөвлөгөөнөө үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэж Египетийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Мөн талууд Израилын бөмбөгдөлтийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан Газын дэд бүтцийг сэргээн босгоход шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцжээ. Египет улсын хувьд ийнхүү сэргээн босгох ажилд 500 сая ам.доллар олгохоо мэдэгдээд буй юм.
Г.Ашкенази Израил-Хамас хөдөлгөөний хооронд 11 өдрийн турш үргэлжилсэн мөргөлдөөнийг Египетийн зуучилсан гал зогсоох хэлэлцээрээр дуусгавар болгосноос 10 хоногийн дараа тус улсад айлчилж байна. Уг мөргөлдөөний улмаас Палестины 248 иргэн, Израилын 12 иргэн амиа алджээ.
Мөн Израилын Гадаад хэргийн сайдын хувьд Египетэд 2008 оноос хойш хийсэн анхны айлчлал энэ болжээ. Мөн нөгөө талаас, С.Шукри 2016 онд Израилд айлчилсан нь Египетийн Гадаад хэргийн сайдын хувьд 2007 оноос хойш тус улсад хийсэн анхны айлчлал болж байв.
Уулзалтын үеэр, С.Шукри өнөөгийн эвлэрлийг бататгаж, улс төрийн хүссэн замналдаа хүрэх үйл явцыг сэргээх уур амьсгалыг бий болгохын тулд нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг уриалжээ. Мөн тэрбээр 1967 оны хилд үндэслэн Зүүн Йерусалимд нийслэлтэй тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг дэмжиж буй Египетийн байр суурийг дахин нотолсон байна. Түүнчлэн хоёр талын зөвшилцөл нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах цор ганц арга зам гэдгийг цохон тэмдэглэжээ.
Г.Ашкеназийн Каирт хийж буй айлчлал нь Египет Израил, Палестины эвлэрлийн талаар хэлэлцэхээр аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр түвшний төлөөлөгчдийн багаа Израил, Палестин руу илгээсэнтэй давхацсан байна. Египетийн “MENA” агентлагийн мэдээлснээр, энэхүү баг нь Баруун эрэг, Газын зурваст бүрэн дүүрэн эвлэрэлд хүрэх арга замын талаар хэлэлцэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.