Вьетнамд коронавирусний шинэ хувилбар илэрчээ

Вьетнамд коронавирусний шинэ хувилбар илэрчээ

Манай улсад Энэтхэг болон Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбаруудын хосолсон шинэ хувилбар илэрлээ гэж Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тхань Лонг мэдээлжээ.

Судлаачид саяхан халдвар авсан өвчтөнүүдийн халдварласан вирусийн геномын дарааллыг судалсны дүнд ийнхүү шинэ хувилбарыг илрүүлжээ. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, лабораторийн туршилтаас үзэхэд вирус бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг байж магадгүй байна.

Вирусүүд үржих явцдаа ихэвчлэн бага зэрэг хувьсан өөрчлөгддөг бөгөөд коронавирусний анхны тохиолдлууд 2019 оны сүүлээр БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш шинэ хувилбарууд илэрсээр байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоогоор дөрвөн хувилбарыг “анхааралтай ажиглах” ангилалд оруулаад буй нь Их Британи, Өмнөд Африк, Бразил, Энэтхэгт илэрсэн хувилбарууд юм.

Н.Лонгийн мэдээлснээр, Вьетнамд саяхнаас халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонд шинэ хувилбар холбоотой байж болзошгүй бөгөөд уг хувилбар 63 муж, бүсийн 30-д нь тархжээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш энэ сарын эхэн үеийн байдлаар халдварын 3100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 35 хүн нас бараад байсан боловч сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд 3500 гаруй хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.