Шувууны томуугийн “H10N3” вирус хүнд халдварласан анхны тохиолдол болов

Шувууны томуугийн “H10N3” вирус хүнд халдварласан анхны тохиолдол болов

Хятадын Жянсу мужийн оршин суугч, 41 настай эрэгтэйгээс шувууны томуугийн “H10N3” вирус илэрсэн нь дэлхийн хэмжээнд уг вирус хүнд халдварласан анхны тохиолдол болжээ.

Холбогдох албаны төлөөлөгчид тухайн эрэгтэй хэрхэн халдвар авсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч “H10N3” хүнээс хүнд хялбар халдварлахгүй гэдгийг мэдээлсэн байна. "H10N3"-аар халдварласныг нь өнгөрсөн долоо хоногт оношилсон эрэгтэй одоо эдгэрсэн бөгөөд эмнэлгээс удахгүй гарах төлөвтэй байна.

Олон улсын хэмжээнд шувууны томуугийн олон вирус бүртгэгдсэн байдгаас гадна шувууны аж ахуйд ажилладаг хүн халдвар авсан тухай мэдээлэл гарч байсан удаатай юм. Халдвар илэрсэн эрэгтэйтэй ойр байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулахад уг вирусээр халдварласан өөр тохиолдол бүртгэгдээгүй байна.

Бээжингийн Үндэсний эрүүл мэндийн хорооноос /NHC/ мягмар гарагт мэдээлснээр, Жянсу мужийн Жэньжян хотын оршин суугч эрэгтэй дөрөвдүгээр сарын 28-нд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнээс сарын дараа “H10N3” вирусээр халдварласан болохыг нь тогтоожээ.

“Дэлхийн хэмжээнд “H10N3” шувууны томуу хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Энэ тохиолдлын хувьд шувууны аж ахуйгаас халдвар авсан байсан бөгөөд өргөн хүрээг хамран тархах эрсдэл тун бага байна” гэж тус хорооноос мэдээлснийг “Global Times” сонин уламжилсан байна.

Мөн “H10N3” нь эмгэг төрүүлэх чанар сул тул шувууны аж ахуйд ноцтой өвчлөл үүсгээгүй бөгөөд хурдацтай тархах төлөвгүй байгааг Үндэсний эрүүл мэндийн хороо мэдээлжээ. Түүнчлэн одоогоор уг вирус хүнээс хүнд халдварлах шинж ажиглагдаагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар шувуудын дунд “H5N8” томуу тархаж байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн оронд олон зуун мянган шувууг устгалд оруулахад хүрээд байгаа юм. Мөн энэ оны хоёрдугаар сард ОХУ-д уг томуугийн вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.

2016-2017 онд “H7N9” шувууны томуугийн улмаас 300 орчим хүн нас барснаас хойш ийм тохиолдол тун цөөн бүртгэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.