Хятадын дүр төрхийг илүү тааламжтай байдлаар харуулахыг уриалжээ.
Хятад улс дүр төрхөө өөрчилж, нөхөрлөлийн хүрээгээ тэлээсэй гэж хүсэж байна хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.
“Xinhua” агентлагийн мэдээлснээр, Хятадыг итгэл хүлээсэн, тааламжтай, хүндэтгэлтэй дүр төрхөөр харуулах нь чухал гэдгийг Ши Жиньпин Коммунист намын өндөр дээд албан тушаалтнуудад хандан хэлсэн байна.
Энэ нь Хятадын дипломат хандлагад өөрчлөлт, ахиц дэвшил гарч болзошгүйг харуулж байна. Дэлхийн том гүрнүүдтэй харилцаа муудаж буй энэ үед Ши Жиньпин ийнхүү мэдэгджээ.
Шинжаан Уйгарын шашны цөөнхийн эсрэг хүний эрхийг зөрчих, Хонконгийн ардчиллыг дэмжигчдэд шахалт үзүүлэх зэрэг асуудалтай холбоотойгоор Хятад улс шүүмжлэлд өртөөд байгаа юм. Түүнчлэн “Covid-19” Хятадын лабораториос үүдэлтэй эсэхийг шалгах АНУ-ын хүчин чармайлтыг Хятад улс төрийн манипуляц хэмээн буруутгаад байгаа билээ.
Улс орныхоо үүх түүхийг эерэгээр ярьж ойлгуулахын чухлыг Ши Жиньпин цохон тэмдэглэв.
“Эвлэн нэгдэж, олонхийг байлдан дагуулж, олон нийтийн санаа бодлын талаарх асуудалд нөхөрлөлийн хүрээгээ байнга тэлэх шаардлагатай. Бид дэлхий дахинтай харьцахдаа нээлттэй, итгэлтэй байхаас гадна төлөв даруу, хүндэтгэлтэй байх ёстой” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Үүнээс гадна эрх баригчид ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг л хүсдэг гэдгийг намын суртал ухуулгын байгууллагууд тодорхой ойлгуулах хэрэгтэйг БНХАУ-ын удирдагч цохон тэмдэглэв.
Илүү нягт харилцааг бий болгохын тулд Хятадыг дэлхий дахинтай холбох гүүр нь болох үүргээ үнэнчээр биелүүлсээр байна гэдгээ Хятадын “China Daily” сонины газар мөн мэдэгдсэн байна.
Ши Жиньпин тийнхүү мэдэгдсэнийг Хятад бусдаас тусгаарлагдаж буйг хүлээн зөвшөөрсөн ховор тохиолдлуудын нэг гэж шинжээчид үзэж байна. Ши Жиньпин 2012 онд БНХАУ-ын удирдагч болж өөдрөг байдал, авторитаризмын эрин үеийг эхлүүлсэн.
Сүүлийн жилүүдэд Хятадын дипломат ажилтнууд байр суурийг нь үгүйсгэсэн хүмүүсийг ёжлох, егөөдөх замаар өөрсдийгөө хамгаалж илүү чанга дуугарах болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.