АНУ-д халдвар авсан хүний тоо 32 мянга давжээ
Нью-Йорк муж улсын захирагч Эндрью Куомогийн мэдээлснээр, Нью-Йоркийн оршин суугчдын 40-80 хувь нь халдвар авч болзошгүй байгаа аж.
“Бид бүгд тархалтыг сааруулахын төлөө хичээн ажиллаж байгаа боловч халдвар цаашид нэмж тархах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч өндөр настай, суурь өвчтэй хүмүүсээс бусад ихэнх хүн эдгэрнэ” гэж Э.Куомо хэлсэн байна.
“CNN” сувгийн анагаах ухааны шинжээч, Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн туслах профессор Жеймс Филлипс Нью-Йоркийн захирагчтай санал нэг байна гэж “CNN” сувагт ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.
“Бид халдвар улс даяар олон сар тархаж болзошгүй гэдэгт санаа зовниж байна. Бид энэ талаар хэлэлцэж, загварчлалыг харсан. Бид өвчин яаж тархадгийг мэднэ. Хүмүүсийн хариуцлагатай байдал, зайны харилцаанаас маш олон зүйл хамаарна” гэж Ж.Филлипс хэлсэн байна.
АНУ-д сүүлийн мэдээллээр халдварын 32149 тохиолдол бүртгэгджээ.
Иргэдийг гэртээ байхыг зөвлөв
Халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс найман муж улсын олон сая иргэдийг гэртээ байхыг зөвлөжээ.
Охайо муж улсын захирагч Майк Девайн “гэртэй байх” захирамж гаргаж, “зайлшгүй” шаардлага гарснаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байхыг уриалав. Уг захирамж даваа гаргийн 23:59 минутаас хэрэгжиж эхлэх бөгөөд наад зах нь ирэх дөрөвдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх юм.
Түүнчлэн “зайлшгүй” гэж үзсэн аж ахуй нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бол зоогийн газруудыг “авч явах зориулалттай” хоолоор үйлчлэхийг зөвшөөрөх ажээ.
Луизиана муж улсын захирагч Жон Бел Эдвардс мөн ням гаргийн үдэд “гэртээ байх” захирамжийг гаргасан бөгөөд энэ нь даваа гаргийн 17 цагаас хэрэгжиж эхэлнэ. Үүнийг мөрдөх хугацаа дөрөвдүгээр сарын 12-нд дуусах төлөвтэй байна.
Мөн Делавэр муж улсад “гэртээ байх” захирамжийг мягмар гаргийн өглөөний 8 цагаас тавдугаар сарын 15 хүртэл мөрдөхөөр болжээ. Үүнтэй ижил арга хэмжээнүүдийг Калифорни, Нью-Йорк, Иллинойс, Коннектикут, Нью-Жерсид хэрэгжүүлсэн бөгөөд халдвар тархахаас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тогтолцоонд үүсэх ачааллыг бууруулах үүднээс онцын шаардлагагүй ажилтнуудад гэртээ байхыг уриалжээ.
М.Пенс: Америкийн 250 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулав
Шинжилгээ авах бололцоо улам сайжирж байгаа тул шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Халдвар шинээр илэрсэн хүмүүсийн дунд Кентакки муж улсын сенатч Рэнд Пол багтаж байна гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Р.Полын биеийн байдал сайн бөгөөд түүнийг тусгаарласан гэж М.Пенс жиргэжээ. Тэрбээр ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Америкийн 254 мянга орчим хүнээс шинжилгээ авсан гэжээ. Мөн уг тоонд орон нутгийн эмнэлгүүд, орон нутгийн эрүүл мэндийн лабораторид авсан шинжилгээг оруулаагүй байна.
Үүний зэрэгцээ дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны гишүүнээс халдвар илэрсэнтэй холбогдуулан М.Пенс болон түүний гэргийгээс шинжилгээ авсан байна. Шинжилгээнүүдийн хариу бямба гарагт сөрөг гарчээ.
Гэсэн хэдий ч халдварын тохиолдлын тоо улам нэмэгдэхийн хэрээр зарим муж улсад зөвхөн “өндөр эрсдэлтэй” өвчтөнүүдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргахад хүрсэн байна.
Халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Нью-Йорк хот, Калифорни мужийн эрх баригчид шинжилгээний хариу нь эмчилгээний үйл явцыг эрс өөрчилж, шинэ мэдээлэл өгөх магадлалтай өвчтнүүдээс бусад тохиолдолд шинжилгээ авахгүй байхыг зөвлөжээ.
Мөн Нью-Йорк хотын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид эмнэлгийн нөөцийг хямгадах үүднээс эмнэлэгт хэвтээгүй өвчтөнүүдээс шинжилгээ авахгүй байх чиглэл өгчээ. Калифорни муж улсын захирагч Гевин Ньюсом, эмнэлэгт хэвтсэн, дархлаа нь суларсан хүмүүс болон эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, өндөр эрсдэлтэй өвчтөнүүдээс нэн түрүүнд шинжилгээ авах хэрэгтэй гэж хэлжээ.
Нью-Йорк, Калифорни, Вашингтон муж улс руу үндэсний гвардыг илгээжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ням гарагт мэдэгдэхдээ, халдвар хамгийн их тархсан бүс нутгуудад тусламж үзүүлэх зорилгоор Нью-Йорк, Калифорни, Вашингтон муж улсад үндэсний гвардын алба хаагчдыг илгээсэн гэжээ.
АНУ-ын Армийн инженерийн корпус Нью-Йоркт 1000 ортой дөрвөн эмнэлэг байгуулахад тусална гэж Д.Трамп мэдэгджээ. Мөн тэрбээр Калифорни, Вашингтон муж улсад эмнэлгийн ор нийлүүлэх чиглэлийг Холбооны онцгой байдлын газарт өгчээ. Түүний хэлснээр, Нью-Йорк, Вашингтон руу хэдэн хоногийн өмнө олон зуун мянган амны хаалт, хиймэл амьсгалын аппарат, нүүрний хамгаалалт, эмнэлгийн хувцас, бээлий, бусад тоног төхөөрөмжийг илгээсэн байна.
“3M” компани одоогийн байдлаар сард 35 сая хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Майк Роман мэдээлжээ. Үйлдвэрлэлийн гарцын 90 хувийг эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэн өгөх бол үлдсэн хувийг коронавирусний цар тахлыг зогсооход хувь нэмрээ оруулж буй аж үйлдвэрүүдэд нийлүүлэх ажээ. Мөн “Honeywell” компани амны хаалтын үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн тухайгаа ням гарагт мэдэгджээ.
Мөн эмнэлгийн хангамж дуусаж эхэлсэн талаар зарим эмнэлгийн ажилтнууд, муж улсын эрх баригчид анхааруулжээ. “Бид амны хаалт, эмнэлгийн хамгаалалтын хувцасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүй бол голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд халдвар авахад ойрхон байна” гэж “Brown” анагаах ухааны их сургуулийн доктор Меган Ранни хэлжээ.
Анхааруулгыг дагаж мөрдөхийг залуучуудад уриалав
Калифорни муж улсын захирагч Г.Ньюсом энгийн үеийнхтэй адил далайн эргүүдэд очихгүй байхыг залуу оршин суугчдадаа уриалжээ. Мөн Нью-Йорк муж улсын захирагч Э.Куомо зайнаас харилцах дүрмийг баримтлахыг залуучуудад дахин уриалаад, Нью-Йоркт 15 мянга гаруй хүн халдвар авсны 53 хувь нь 18-49 насны хүмүүс байгааг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.