Канад олимпын наадамд оролцохоос татгалзжээ

Канад олимпын наадамд оролцохоос татгалзжээ
Канадын Үндэсний олимпын хороо коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Токиод болох зуны Олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Одоогийн байдлаар олимпын наадмыг хуваарийн дагуу 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгдсэн.

“Канадын олимпын хороо, паралимпын хороо, Засгийн газар, тамирчдын комисс, үндэсний спортын холбоод хамтран Токиод болох Олимпын болон Паралимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байх хүндхэн шийдвэрийг гаргалаа. Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг бид Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэг бус удаа гаргасан. Түүнчлэн хугацааг хойшлуулж байгаатай холбоотойгоор гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Олимпын наадмыг хойшлуулах шийдвэрийг даруй гаргах хэрэгтэй байгааг ойлгож байгаад нь бид Олон улсын олимпын хороонд талархаж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Канадын үндэсний олимпын хороо Токиогийн олимпын наадамд /товлосон хугацаанд нь/ оролцохоос албан ёсоор татгалзаж буй анхны улс болж байна. Канадын шигшээ баг Олимпын наадамд хоёр удаа оролцож байгаагүй аж. 1986 онд Афинд болсон болон 1980 онд Москва хотод болсон Олимпын наадамд оролцохоос татгалзаж байжээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу Токиогийн олимпыг хойшлуулахыг өмнө нь Бахаас хүссэн байна. Түүнээс гадна, Бразил, Колумби, Норвеги, Словени болон Хорватын Олимпын хороо, АНУ-ын Хөнгөн Атлетикийн холбоо, Испанийн хөл бөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 180 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 300 мянга давж, 13 мянга гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.