Олон улсын олимпын хороо самбо бөхийн спортыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө
Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж, самбо бөхийн төрлийг спорт болон Олон улсын самбо бөхийн холбоо буюу FIAS-ийг бүрэн хүлээн зөвшөөрөхөөр боллоо.
Энэхүү хүлээн зөвшөөрсөн зөвлөмжийг ирэх долоодугаар сарын 20-21-нд Японы нийслэл Токио хотод болох ОУОХ-ны хуралдаанд албан ёсоор танилцуулахаар болжээ.
ОУОХ-ноос /FIAS/-т ирүүлсэн албан бичигт "Байгууллагын хөгжил, самбо бөхийн спортыг сурталчлах, ахиулах, түүнтэй холбоотой асуудлуудын хүрээнд хийсэн ажил, ололт амжилтыг үнэлж, бид халуун баяр хүргэе" гэж бичиж тэмдэглэсэн байжээ.
Та бүхэн сайн санаж байвал 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Токио хотод болсон Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр олимпын хартийн 25 дугаар дүрмийн дагуу олон улсын самбо бөхийн холбоо (FIAS) -г түр буюу гурван жилийн хугацаатай хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрхүү хугацаанд олон улсын самбо бөхийн холбоо нь ололт амжилттай ялангуяа сүүлийн 10 жил идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буйг нь үнэлсэн байдаг. Энэ мэдээг хүлээн авсан /FIAS/-ийн ерөнхийлөгч Василий Шестаков тухайн үед “Бид урагшлах хамгийн том, магадгүй хамгийн хэцүү алхамыг хийж чадлаа. Гэхдээ олон ажил хүлээж байна. Дараагийн алхам бол ОУОХ-ны байнгын хүлээн зөвшөөрөлтийг олж аваад дараа нь олимпын наадмын хөтөлбөрт хамруулах явдал юм. Бид үүнийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Иймд самбо бөхийн төрөл тун удахгүй олимпын наадмын хөтөлбөрт багтах боломжтой болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.