Яармаг дахь Хотын захиргааны байранд 145 ор дэлгэлээ

Яармаг дахь Хотын захиргааны байранд 145 ор дэлгэлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргаагч наадмын дараа яармаг руу шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл нүүлгэн шилжүүлэлтийг түр хойшлуулж, коронавирус туссан иргэдийг эмчлэх байр болгохоор боллоо. Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авах зорилгоор яаралтай ор дэлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн зургаан дүүргийн удирдлагууд биечлэн, бусад хэлтэс, албадын удирдлагууд цахимаар оролцсон байна.

Мөн УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр (2021.06.20) нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлтээр 1500 ор дэлгэж, хүчилтөрөгчийн хамгамжийг 1000 баллоноор нэмэх талаар мэдээлсэн билээ.  

Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар "Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэллээ. Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.