ОХУ-ын эрүүл мэндийн яам Covid-19 вакцины гурав дахь тунг тарихаар төлөвлөж эхэлжээ.

ОХУ-ын эрүүл мэндийн яам Covid-19 вакцины гурав дахь тунг тарихаар төлөвлөж эхэлжээ.

Коронавирусийн эсрэг вакцин тариулсан эхний хүмүүсийн дархлаа суларч эхэлсэн тул гурав дахь тунг тарих талаар ОХУ-ын эрүүл мэндийн яам төлөвлөж эхэлжээ. Тус улсын эрүүл мэндийн сайд Михайл Мурашко гурав дахь тунгийн талаар албан ёсны зөвлөмжийг энэ долоо хоногт багтааж нийтэд танилцуулах болсныг Коммерсант сонинд өчигдөр мэдээлсэн байна.

ОХУ-д Спутник V вакциныг өнгөрсөн оны намраас сайн дурынхан дээр туршиж эхэлсэн юм. Тэдгээр хүмүүсийн түрүүч нь вакцинжуулалтад хамрагдаад есөн сар болж байгаа ба заримынх нь дархлааны түвшин нь суларч эхэлсэн гэнэ.

Эрүүл мэндийн яамны уг төлөвлөгөөг дэмжиж байгаагаа Москва хотын захирагч Сергей Собянин блог хуудсандаа мэдэгджээ. Засгийн газар вакцины гурав дахь тунг "гарцаагүй" гэж үзэж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ даяар коронавирусийн тархалт эрчимжиж, халдварын шинэ давалгаа эхлээд байгаа. 24 цагийн дотор халдварын 17,378 тохиолдол шинээр нэмэгдсэн тухай Даваа гарагт тус улсын цар тахалтай тэмцэх төв зарлажээ.

Үүнээс Москва хотод 7,584 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь шинээр нэмэгдсэн нийт тохиолдлын бараг 45 хувь болсон байна. Өчигдөр Думын гишүүдтэй уулзахдаа ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д цар тахлын нөхцөл байдал муудаж байгааг хүлээн зөвшөөрчээ. “Харамсалтай нь коронавирусийн аюул арилах болоогүй байна.

Манай улсын зарим бүс нутгуудад нөхцөл байдал цаашдаа хүндрэх төлөвтэй” гэж тэр хэлсэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Чукотка мужид ганц ч тохиолдол илрээгүй бол Москва мужид 1,811, Санкт Петербург хотод 1,046, Нижний Новгород мужид 268, Буриадад 243, Воронеж мужид 199 тохиолдол тус тус нэмэгджээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш ОХУ-д нийт 5.26 сая халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 127 мянга орчим хүн нас бараад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.