Ахлах ахлагч Э.Даваажамц 900 км замыг туулж, Өвөрхангай аймагт ирлээ
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 22 дахь өдрөө гүйж байна.
Ховд аймгаас Улаанбаатар хүртэлх 1 500 км замыг явган гүйж, онцгой амжилт гаргах зорилготой ахлах ахлагч өнөөдөр өглөө 900 дэх км замаа туулж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт ирсэн байна. Ахлах ахлагч Э.Даваажамц 22 хоногийн хугацаанд Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг туулсан бөгөөд түүнд орон нутгийн иргэд, Зэвсэгт хүчний алба хаагчид, тээвэрчид, зарим аж ахуйн нэгжүүд сэтгэлийн дэмжлэг үзүүлж, амжилт хүссээр байгаа юм.
Тухайлбал, Монголын Залуучуудын холбоо болон түүний орон нутаг дахь салбарууд, Ховд аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн байгууллагууд, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ахлагчийн зөвлөлийнхөн замд нь тосон авч, хүндэтгэл илэрхийлсэн байна. Мөн “lowa”, “Garmin Mongolia”, “Монос” групп, “Unitel” группээс өөрийн нэрийн бүтээгдэхүүнээс хандивлаж, бартаа саадгүй зорьсон газраа хүрэхийг хүсэн ерөөсөн байна. Түүнчлэн ХХЕГ-ын зарим удирдлага хилийн заставуудаа эргэхээр явах замдаа ахлах ахлагчид хүндэтгэл үзүүлж “Цэрэг хүн ийм л байдаг. Бидний зорилго эх орныхоо төлөө гэсэн эрхэм үйлс юм” хэмээгээд гарын бэлэг дурсгасан байна.
Ахлах ахлагч Э.Даваажамцад ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлагууд өдөр бүр мэргэжлийн дэмжлэгийг үзүүлж байгаа юм.
Ташрамд дурдахад, тэрээр долоодугаар сарын 10-нд тохиох "Төрийн далбааны өдөр"-өөр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.