“Болор цом” наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.

“Болор цом” наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам өчигдөр /2021.06.27/ “Сүлд” чуулгад боллоо.

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадам халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа. Ийн Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд оров. Мөн сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжав тусгай байрын шагнал хүртлээ.

Эрхэм уншигч танд энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.

ЦАСАН ШУУРГА

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна

Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.