Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого нэмэгджээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого нэмэгджээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого энэ оны эхний 5 сард 172.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.6 (10.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 388.6 тэрбум төгрөг болж, 235.2 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн 5 дугаар сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.1 сая даатгуулагч хамрагдсаны 70.8 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд, 25.4 хувь нь шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд, 3.8 хувь нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 28.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.3 (87.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Харин 5 дугаар сард эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 6.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.2 (0.1 хувь) сая төгрөгөөр нэмэгджээ.

Зүрх судасны эмийн борлуулалт 2021 оны эхний 5 сард 13.2 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 46.4 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг хамгийн их борлуулалттай 5 эмийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад халдварын эсрэг бэлдмэлийн эм 841.6 (24.8 хувь) сая төгрөгөөр багаслаа.

Харин сэтгэц, зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 908.8 (63.7 хувь) сая, зүрх судасны эмийн борлуулалт 6 (82.7 хувь) тэрбум, даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 1.5 (3.2 дахин) тэрбум, ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 3.1 (3.2 дахин) тэрбум, бусад төрлийн эмийн борлуулалт 2.7 (3.6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.