Монголын мэргэшсэн нягтлан бодогчид цахимаар чуулна

Монголын мэргэшсэн нягтлан бодогчид цахимаар чуулна

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 7 дугаар Их хурал маргааш болох гэж байна. Тус хурал нь шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжил дэвшил, нягтлан бодох бүртгэлд томоохон өөрчлөлт орж буй цаг үед мэргэжлийн байгууллагын стратегийг тодорхойлох, бодлогоо тодотгох зорилтын хүрээнд анх удаа цахимаар хуралдах гэж буйг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс мэдээллээ. 

325 төлөөлөгч онлайнаар холбогдох Их хурлаар Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн хөгжлийн бодлого болсон дүрмийн шинэчилсэн найрууллын төслийг баталж, бүтэц зохион байгуулалтаа хэлэлцэх юм. Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудаар хүлээсэн чиг үүрэг нэмэгдэж, Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах багт ажиллан үүргээ гүйцэтгэж ирсэн юм. 

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь 1996 онд үүсэн байгуулагдсан 5011 мэргэшсэн нягтлан бодогч, 143 аудитын компани, 1163 аудиторыг эгнээндээ нэгтгэн, нийслэл орон нутагт 30 салбартай ажиллаж буй манай улсын мэргэжлийн томоохон байгууллага болж иржээ. Дэлхийн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн, Ази, Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны гишүүн, Ази, Номхон далайн орнуудын стандарт тогтоогч бүлгийн гишүүн байгууллага юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.