НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүдийн ажлыг сайжруулахаар томилжээ

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүдийн ажлыг сайжруулахаар томилжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч, орох гарах бараа таваар гацсан байдалтай зургаан сарын нүүр үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын-Үүд суманд ажиллаж, хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцан, Замын-Зүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хатуу анхааруулсан билээ. 

Ерөнхий сайдын гэнэтийн "шалгалт"-тай давхцан хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан тухай мэдээлэл ч энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээнд түгсээр байна.

Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд суманд ажиллуулахаар томилсон байна. 

Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгасан. 

Тухайлбал, 

  • Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж,  сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах,
     
  • Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах,
     
  • Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах,
     
  • Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх,
     
  • Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж  Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шийдвэр гаргахаар болсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.