Эмч, ажилтнууд шаардлагынхаа хариуг автал суултаа зогсоохгүй
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төв талбайд суулт хийж байгаа эрүүл мэндийн ажилтнууд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.07.06/ мэдээлэл хийлээ.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, олгогдох ёстой урамшууллуудыг олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийгдэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал шаардлага, ялангуяа цалин нэмэгдүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлууд үр дүнд хүрээгүй байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй, хүнд нөхцөлд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг золиослон ажиллаж байгаа. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэх тэмцлийг эхлүүлсэн. Энэ бол талбай дээр сууж байгаа цөөн тооны хүмүүсийн тэмцэл биш. Бүх эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд энэ тэмцлийг дэмжиж байгаа гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодит боломж байгаа гэж үзэж байна. Вакцинжуулалтад ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулал дүүргүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн төвийн дансанд ЭМД-ын сангаас орчихсон байхад Хан-Уул дүүргээс бусад газарт энэ урамшууллыг олгоогүй байна гэсэн мэдээлэл авсан" гэв.
МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дахин санал, шаардлагаа Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаа аж. Тэдний зүгээс Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал суултаа зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан КОВИД-19-ийн халдвар аваад байна.
Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй. Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.