БНСУ : Нийгэмд зай барих хорио цээрийн дөрөвдүгээр үе шат гэж юу бэ?
БНСУ-ын Ерөнхий сайд "Ким Бу Гём" нь цар тахлын үед нийгэмд зай барих хорио цээрийн 4-р төвшинд шилжих болсон тухай өнөөдөр мэдэгдлээ.
Хорио цээрийн хамгийн хатуу өндөр төвшний энэхүү журмыг энэ сарын 12-ны өдөр буюу ирэх Даваа гаригаас эхлэн 2 долоо хоногийн хугацаанд тус улсын нийслэл Сөүл хот болон Сөүл хотын орчмын Кёнги аймаг, "Инчон" хотуудад хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна.
Ерөнхий сайд Ким үргэлжлүүлэн хэлэхдээ "Өнөөдрөөс эхлэн уулзалт цуглаан хийхгүй байхыг хүсч байна. Шинээр мөрдөгдөх журамд оройн 18 цагаас өмнө 4 хүн, 18 цагаас хойш бол 2 хүн хүртэлх тооны хүмүүс нэг дор цуглаж уулзахыг хүлээн зөвшөөрнө. Өмнө мөрдөгдөж байсан нийгэмд зай барих 2-р төвшний журмын хүрээнд нэг гэр бүлийн 8 хүртэлх гишүүд нэг дор цуглахыг зөвшөөрч байсан бол энэхүү шинэ журмаар хориглоно..." хэмээжээ.
Энэ сарын 1-ээс вакцины 2 тунд бүрэн хамрагдсан иргэдэд нийгэмд зай барих хорио цээрийн журмыг зөөлрүүлээд байсан бол буцаан чангаруулжээ.
Хурал, жагсаал цуглаан 50 хүртэлх хүнтэй хийхийг хүлээн зөвшөөрч байсан бол шинэ журмаар 1 хүнээс дээш цуглахыг хориглож, Мөн баяр ёслол, арга хэмжээг огт хийхгүй байхаар хориг тогтоосон байна.
Хурим, оршуулгын ёслолд оролцох хүмүүсийн тоог /эхнэр ба нөхрийн цусан төрөл, өөрийн найм дахь үе хүртэлх цусан төрлийн хамаатан садан/ нийт 49 хүн хүртэл байхаар тогтоожээ. Спортын арга хэмжээг зөвхөн үзэгчидгүйгээр зохион байгуулах боломжтой.
Буудал болон амралтын газар, бусад хоноглох газруудын хувьд өрөөний гуравны хоёрын дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ямар нэгэн үдэшлэг цэнгүүн зохион байгуулахыг хатуу хориглоно.
Шөнийн клуб, цэнгээний газар, паб гэх мэт зугаа цэнгээний газрууд ажиллахгүй байхаар шийдвэрлэжээ.
Бусад бүх үйлчилгээний байгууллагууд оройн 22 цаг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж болно.
Эх сурвалж : NEWSIS
Орчуулан эмхтгэсэн : Н.Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.