Испанийн сайд нар махны хэрэглээг багасгах асуудлаар маргалджээ.
Махны хэрэглээг багасгахыг зорьсон Испанийн Хэрэглэгчийн асуудал хариуцсан сайд Альберто Гарсон засгийн газрын гишүүдийн зүгээс шүүмжлэлд өртжээ.
Өмнө нь тэрбээр мах бага хэрэглэхийг испаничуудад уриалсан кампанит ажлыг эхлүүлжээ. “Их хэмжээгээр мах идэх нь бидний эрүүл мэнд хийгээд байгаль орчинд хор хөнөөлтэй” хэмээн тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Гэсэн ч засгийн газрын зарим гишүүн түүний уриалгыг хүлээж авахаас татгалзаж буйгаа илэрхийлсэн аж. Тухайлбал, Хөдөө аж ахуйн сайд Луис Планас Пучадес орон нутгийн радиод ярилцлага өгөх үеэрээ ийм кампанит ажил явуулахыг бүтэхгүй санаа гэж үзэж байгаагаа хэлжээ.
“Махаа бага идвэл илүү урт насална” хэмээх кампанит ажил нь Испанийн эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг махны салбарынхны хувьд зохисгүй уриалга” юм хэмээн тэрбээр хэлсэн байна.
Луисын мэдэгдлийг мах үйлдвэрлэгчдийн холбоо дэмжиж, Гарсонд нээлттэй захидал илгээжээ. Тэд 2.5 сая ажлын байртай, эскпортын хэмжээ нь 9 тэрбум еврод хүрдэг салбарын нэр хүндийг унагааж байна Гарсоныг хэмээн буруутгасан байна.
Гэсэн ч Альберто Гарсон уриалгаа илүү тодорхой болгон тайлбарлахдаа “Миний хэлэх гэсэн санаа махнаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэсэн үг биш юм” гэжээ. Долоо хоногт 200-500 гр мах идэх Испанийн Хүнсний эрүүл ахуйн газрын зөвлөмжийг дагахыг тэрбээр иргэддээ уриалсан байна. Испаничууд долоо хоногт дунджаар 1 кг-аас илүү хэмжээний мах хэрэглэдэг байна.
Зүрх судасны өвчлөл, чихрийн шижин болон бусад өвчлөлөөс сэргийлэхийн тулд үндэсний эрүүл мэндийн байгууллагууд боловсруулсан болон боловсруулаагүй махны хэрэглээгээ хязгаарлахыг иргэддээ зөвлөдөг хэмээн ДЭМБ мэдэгджээ.
Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд мах боловсруулах үйлдвэрүүд мөн нөлөөтэй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.